
Нигерийн төв хэсэгт орших хотын оршин суугчид хууль бус алтны уурхай байж болзошгүй газруудад хийсэн нэгжлэгийн үеэр баривчлагдсан 33 уурхайчин хагас цэрэгжүүлсэн байгууллагын саатуулах байранд амиа алдсан нь тогтоогджээ.
Уурхайчид нэг дор ийнхүү учир битүүлгээр амиа алдсанд бухимдсан иргэд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэн жагсав.
Ройтерс агентлагийн зураглаач пүрэв гарагт Нигер мужийн нийслэл Минна хотын Нэгдсэн эмнэлгийн нэг тасагт 33 хүний цогцсыг эгнүүлэн тавьсан байхыг дүрсжүүлсэн байна. Тэднийг Нигерийн Аюулгүй байдал, Иргэний хамгаалалтын корпусын (NSCDC) саатуулах байранд байх үедээ амиа алдсан болохыг тогтоожээ.
Тус байгууллагын мэдээлснээр, саатуулагдсан хүмүүсийг есдүгээр сарын 15-16-нд Минна хотоос баруун зүгт орших Вушиши-Лукото бүсийн хууль бус уурхай байж болзошгүй газруудад хийсэн ажиллагааны үеэр баривчилсан байна. Анх тэдний үхэлд өвчний дэгдэлт нөлөөлсөн байж болзошгүй гэж мэдэгдсэн боловч хожим нь үхлийн шалтгаан одоогоор тогтоогдоогүй, эмнэлгийн шинжилгээгээр тодруулах болно гэжээ.
Дотоод хэргийн сайд Олубунми Тунжи-Ожо Нигер мужийн Нигерийн Аюулгүй байдал, Иргэний хамгаалалтын корпусын командлагч Суберу Сияка Анивиег бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагааны дүн гарах хүртэл нэн даруй үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
“Энэ бол харамсалтай хэрэг явдал. Бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Энэ хэрэг гарсан үед хариуцаж байсан командлагчийг түдгэлзүүлсэн хэвээр байлгана” гэж Дотоод хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.
Амиа алдсан хүмүүсийн талаарх мэдээлэлд бухимдсан иргэд Минна хотод эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, залуус “Шударга ёс тогтоох ёстой” хэмээн хашхирч байсныг оршин суугчид мэдээлжээ. Зарим жагсагч тээврийн хэрэгслүүдийг эвдэж сүйтгэсэн байна.
Баасан гарагийн өглөө гэхэд хотод байдал намжсан боловч Минна хотын зарим хэсэгт аюулгүй байдлын хүчний алба хаагчдыг олноор нь байршуулжээ.
Нигери улс даяар үйл ажиллагаа явуулдаг олон мянган албан бус уурхайн талбайд өрнөж буй хууль бус олборлолтыг таслан зогсоохоор олон жилийн турш хүчин чармайлт гаргаж байна. Эрх баригчдын мэдээлснээр, хууль бус олборлолт нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, улсын төсөвт орох орлогыг бууруулдаг байна.