
Британийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Майкл Жон Харрисон 2026 оны Букерийн шагналын эзэн боллоо. Шүүгчид түүний ирээдүйд хүн төрөлхтөнд тохиох сүйрлийн тухай өгүүлдэг "The End of Everything (Бүх зүйлийн төгсгөл)" романыг өндрөөр үнэлсэн байна.
81 настай Харрисон Букерийн шагнал хүртсэн хамгийн ахмад зохиолч болж байна. Өмнө нь 2019 онд Маргарет Этвуд 79 насандаа энэхүү шагналыг авч байсан юм. Харрисон мөн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолын ертөнцөөс Букерийн шагнал хүртсэн анхны зохиолч болж байна.
М. Жон Харрисон нэрээр олноо танигдсан зохиолч 1960-аад оноос шинжлэх ухааны уран зөгнөлт сэтгүүл New Worlds-д нийтлэл бичиж эхлээд хожим нь тус хэвлэлийн газрын редактороор ажиллаж байв.
Тэрээр нийтдээ 13 роман хэвлүүлснээс хамгийн алдартай бүтээл нь “Viriconium” (“Вирикониум”) цуврал, “Light” (“Гэрэл”), “Nova Swing” (“Нова Свинг”) романууд билээ.
Букерийн шагнал хүртсэн "The End of Everything" романы үйл явдал учир битүүлэг сүйрэл тохиож, Британийн нийгмийн тогтолцоо нуран унасаны дараах ойрын ирээдүйд өрнөнө. Уншигчдын дунд маргаан дагуулсан энэхүү бүтээлийг шүүмжлэгчид "гутранги атлаа гайхалтай", "зүүд мэт сонирхол татам" хэмээн тодорхойлжээ.