
Дэлхийн 59 улсыг хамарсан хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг томоохон хэмжээний ажиллагааны үр дүнд 1000 гаруй хүнийг баривчилсан байна.
Интерполын зохицуулалт дор явуулсан "Global Chain" нэртэй тусгай ажиллагаагаар бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхлэлт, гэмт хэрэгт татан оролцуулах болон гуйлга хийлгэх зорилгоор хүн худалдаалдаг цахим сүлжээнүүдийг онилжээ.
Тусгай ажиллагааны явцад нийтдээ 2070 хохирогчийг олж тогтоосны дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. Харин баривчлагдсан хүмүүсийн 334 нь хүн худалдаалах гэмт хэрэгт, 690 нь үүнтэй холбоотой бусад төрлийн хэрэгт буруутгагдаж байна.
Сошиал медиа ашиглан хохирогчдыг хууран мэхэлж, Камбожид аваачин цахим залилан хийлгэдэг үндэстэн дамнасан сүлжээг илрүүлсэн. Бразилын Холбооны цагдаагийн газар энэхүү сүлжээний хохирогч болсон 406 хүнийг тогтоосон бол Бельгийн эрх баригчид сошиал медиагаар дамжуулан насанд хүрээгүй охидыг элсүүлж, Бельги, Франц даяар биеийг нь үнэлүүлдэг байсан сүлжээг илрүүлэн 17 сэжигтнийг баривчилжээ. Мөн хүнсний дэлгүүрт албадан хөдөлмөр эрхэлж байсан Боливийн насанд хүрээгүй хоёр хүүхдийг Аргентины цагдаа нар аварчээ.
Интерполын мэдээлж буйгаар, хүн худалдаалах гэмт хэргийн арга зам улам нарийсаж, өөрчлөгдөж байгаа аж. Ялангуяа Латин Америкийн орнуудаас Европ руу албадан хөдөлмөр эрхлүүлэхээр хүмүүсийг тээвэрлэх шинэ урсгал бий болжээ. Мөн Америк тивийн хохирогчдын 10 орчим хувь нь бэлгийн мөлжлөгт өртсөн насанд хүрээгүй хүүхдүүд байсан аж.
Хохирогчдын мөлжлөгт өртөж байсан хэлбэрийг ангилж үзвэл бэлгийн мөлжлөг дийлэнх хувийг эзэлж байна.
Гэмт хэрэгт татан оролцуулах-20%
Албадан хөдөлмөр эрхлэлт-11%
Албадан гуйлгачлал хийлгэх- 2%
6 дугаар сарын 8-наас 12-ны хооронд үргэлжилсэн уг ажиллагаанд АНУ, Их Британи, Франц, Герман, Испани, Нигери, Тайланд, Вьетнам зэрэг улсуудын 40 000 гаруй цагдаагийн алба хаагч оролцсон байна. Ажиллагааны үр дүнд шинээр 465 мөрдөн байцаалтын хэрэг нээгджээ.