
Ойролцоогоор 100 сая жилийн өмнө амьдарч байсан 19 метр хүртэлх урттай хүрдэг аварга наймаалжууд далайн экосистемийн дээд шатны махчин амьтдын нэг байсан байж болзошгүйг шинэ судалгаа харууллаа. Энэхүү дүгнэлт нь хатуу чулуу дотор нуугдсан ховор чулуужсан олдворуудыг илрүүлсний үндсэн дээр гарсан байна.
Эдгээр наймаалжуудын маш сайн хадгалагдсан хүчирхэг эрүү (хошуу)-ний чулуужсан үлдэгдлүүд дээр хясаа болон яс зэрэг хатуу олзыг бутлахад үүссэн хүчтэй элэгдлийн ул мөр ажиглагдсан талаар Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.
“Энэ нь эдгээр аварга наймаалжууд Цэрдийн галавын далайд оргил махчин амьтдын үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүйг харуулж байна” гэж судалгааны хамтран зохиогч, Хоккайдогийн Их сургуулийн Дэлхий ба гариг судлалын дэд профессор Ясухиро Иба CNN-д ярьжээ.
“Бид үнэхээр гайхсан. Наймаалжийн чулуужсан үлдэгдэл маш ховор байдаг тул ийм том хэмжээтэй, экологийн хувьд чухал амьтдыг Цэрдийн галавын далайгаас илрүүлэх нь бидний хүлээлтээс давсан” гэж тэр нэмж хэлсэн байна.
Эдгээр устаж үгүй болсон амьтдыг шинжлэх ухаанд Nanaimoteuthis гэж нэрлэдэг бөгөөд урт нь ойролцоогоор 7–19 метр байсан гэдгийг судлаачид тогтоожээ. Тэд нийт биеийн хэмжээг эрүүний чулуужсан үлдэгдлийн хэмжээнээс тооцоолсон байна. Эдгээр аварга амьтад нь толгой дээрээ сэлбүүртэй эртний “сэлбүүрт наймаалж”-ийн хамгийн эртний төлөөлөгчдийн нэг аж.
Наймаалжийн чулуужсан олдворын ховор байдал
Ясухиро Ибагийн тайлбарласнаар наймаалжуудын ихэнх бие зөөлөн эдээс бүрддэг тул үхсэний дараа чулуужих нь маш ховор, зөвхөн эрүү зэрэг хатуу хэсгүүд нь үлдэх магадлалтай гэнэ.
Судлаачид Япон болон Канадын Ванкувер аралд өмнө нь илэрсэн 15 том эрүүний чулуужсан олдворыг дахин шинжилсэн байна. Үүгээр зогсохгүй багийнхан Цэрдийн галавын (100–72 сая жилийн өмнөх) тунамал чулуулаг доторх наймаалжийн 12 эрүүг шинээр илрүүлжээ.
Судалгаанд өндөр нарийвчлалтай өгөгдөл гаргахын тулд “grinding tomography” нэртэй 3D дүрслэлийн арга болон хиймэл оюун ухааны загварыг ашигласан байна.
Ясухиро Иба энэ аргыг “дижитал чулуужсан олдвор олборлолт” гэж тодорхойлсон бөгөөд үүний үр дүнд эрүүний 3D загваруудыг бүтээжээ.
Цэрдийн галавын үед хуурай газарт Tyrannosaurus rex, Triceratops, Velociraptor зэрэг динозаврууд ноёрхож байв.
Өмнө нь далайн экосистемд аварга мөлхөгчид, акулууд, загас зэрэг сээр нуруут махчид давамгайлж байсан гэж үздэг байсан ч шинэ олдвор наймаалжууд ч мөн хүнсний сүлжээний оргилд байсан байж болохыг харуулж байна.
“Энэ нь Цэрдийн галавын далайн экосистем өмнө бодож байснаас илүү нарийн төвөгтэй, олон төрлийн оргил махчинтай байсныг илтгэнэ”.
Ясухиро Ибагийн үзэж байгаагаар Nanaimoteuthis нь том бие, урт тэмтрүүлээ ашиглан олзоо барьж, хүчирхэг эрүүгээрээ хатуу хоолоо бутлан боловсруулдаг байсан байж магадгүй. “Орчин үеийн наймаалжуудын адил ухаалаг байдалд түшиглэн олзоо олж, барьж, иддэг байсан байх” гэж тэр нэмж хэлсэн байна.
Цаашид “дижитал чулуужсан олборлолт”-ыг өргөжүүлж, өмнө нь илрүүлэх боломжгүй байсан амьтдыг олж илрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Шинжээчдийн байр суурь
Оксфордын Их сургуулийн амьтан судлалын профессор Тим Коулсон судалгаанд оролцоогүй ч “энэ ажил үнэмшилтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм” талаар CNN-д өгсөн яриандаа дурджээ.
Түүний хэлснээр эдгээр амьтад бусад амьтдаар хооллож, том загас болон магадгүй далайн мөлхөгчдийн ясыг хүртэл бутлах чадвартай байсан байх магадлалтай. “Хэмжээ нь тэднийг хүнсний сүлжээний оргилд байсныг илтгэнэ” гэжээ.
Гэхдээ тэр наймаалжийн эрүү дээрх элэгдлийн асимметрик хэв маяг нь ухаалаг байдалтай холбоотой гэсэн дүгнэлт бүрэн батлагдаагүйг онцолсон байна.
Харин Бристолын Их сургуулийн дэд профессор Яакоб Бинтер судалгааг “гайхалтай олдвор” гэж үнэлсэн ч Nanaimoteuthis нь том далайн мөлхөгчдийг агнадаг байсан гэдгийг шууд нотлоогүй гээд “Ийм амьтан маш том олзыг унагах нь логиктой юу гэдэг асуулт гарч ирнэ” гэж хэлсэн байна.
Түүний тайлбарласнаар ийм том олзыг задлаж идэхэд их хугацаа шаардлагатай тул харьцангуй жижиг олзоор хэрэгцээгээ хангах боломжтой байжээ