
Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох шаардлага үүссэн юм. Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу орон гарсан тохиолдолд дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилох учиртай. Үүний дагуу Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлсэн юм. Тэрээр уг саналаа өнөөдөр намынхаа Удирдах зөвлөлд танилцуулан хэлэлцүүллээ. МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг 100 хувийн саналаар дэмжжээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилладаг бөгөөд сайдаар томилогдсон тохиолдолд тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүсэх нь.
Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн товч намтрыг танилцуулъя.
Төгссөн сургууль, мэргэжил:
2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр,
2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр.
Ажилласан байдал:
2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн,
2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн,
2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга,
2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал,
2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд ТУЗ-ийн гишүүн,
2014-2015 онд Уул уурхайн дэд сайд,
2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч,
2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
2016-2020 онд УИХ-ын гишүүн,
2020-2024 онд УИХ-ын гишүүн,
2022-2024 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга,
2024 оноос УИХ-ын гишүүн,
2024 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.