
Нийслэлийн хэмжээнд энэ жилийн намрын мод тарих ажлыг есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулж, нийт 1.3 сая мод тарихаар төлөвлөжээ.
Намрын мод тарих өдрийн нээлт есдүгээр сарын 27-ны 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Мод тарих ажлын хүрээнд нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн байна. Үүнээс одоогоор 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хийжээ.
Мөн тус хүрээлэнд 30 төрөл зүйлийн 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж, ургалтын үзүүлэлт өндөр байгаа аж.