
Сайдын томилгооноос улбаалж гүйцэтгэх засаглалтайгаа толхилцсон ерөнхийлөгч Петр Павелыг дэмжихээр Чехийн иргэд Праг хотын төв талбайг дүүргэн буй дүр зургийг өнгөрсөн сард олон улсын хэвлэлүүд дамжууллаа.
Нийслэлийг донсолгосон 90 000 жагсагчаас гадна Чехийн хэд хэдэн хотод Ерөнхий сайд Андрей Бабишийн Засгийн газрыг эсэргүүцсэн өргөн хүрээтэй тэмцэл өрнөжээ.
Үг хэлэх, үзэл бодлоо эдлэх эрх чөлөөгөөр дэлхийд гуравдугаарт бичигддэг Чех улсын хувьд иргэдийн жагсаал цуглаан шинэ үзэгдэл биш. Коммунизмын талхинаас цэрвэж иргэний эрхийг эрхэмлэхийн чухлыг тунхаглаад Зөвлөлтийн танкуудад нухчин дарагдсан 1968 оны Прагийн хавраа чехүүд одоо ч мартаагүй. Хожим 1989 оны Хилэн хувьсгалаар Зүүн Европт ардчиллын галыг асаан дэлхий дахиныг сэрээсэн гавьяа ч Чехийн залууст ногдоно.

1968 оны эхээр Чехсловак улсын Коммунист намын даргаар сонгогдмогцоо Александр Дубчек шинэчлэгчдийг улс орны удирдах бүрэлдэхүүнд гаргаж ирэв. Нийгмийг либеральчилж, иргэний эрх чөлөөг дээдлэн төрийн эрх мэдлийн төвлөрлийг хумих зорилгоо Дубчек “Хүний дүр төрхтэй социализм”-ыг байгуулна хэмээн тодорхойлж олон нийтээс ихээхэн дэмжлэг авлаа. Гэвч хувь хүний эрх, эдийн засгийн шинэчлэл, улс төрийн ил тод байдлыг нэвтрүүлэх оролдлого нь социалист орнуудын удирдагчдын таалалд нийцсэнгүй, халдварлах аюултай ч гэж үзэв.
1989“Хөгжлийн эсрэг хувьсгал” хийж буруу замаар орсон Дубчекийг нухчин дарахаар ЗХУ-ын танкаар оройлсон Варшавын гэрээний орнууд Чехсловакийн нутагт довтоллоо. Прагийн хаврыг цэргийн хүчээр дарсныг эсэргүүцэж Москвагийн Улаан талбайд жагссан дэвшилтэт үзэлтнүүдээ ч ЗХУ зүгээр өнгөрөөсөнгүй.
Гаднын дарамт дор 100 гаруй иргэний амийг золин ардчиллыг нураасан үйл явдал Чехийн нийгэмд гүн шарх үлдээж, иргэдийн дунд коммунизмын эсрэг сэтгэлгээг бэхжүүлсэн юм.
1968Тиймдээ ч хорин нэгэн жилийн дараа оюутнуудын эхлүүлсэн цуглаан асар богино хугацаанд нийгмийг бүхэлд нь хамарсан давлагаа болон өргөжиж Прагийн Вэнцеслас талбайд 500 мянга гаруй хүн коммунист намын эсрэг уриа лоозон хашгирч байв. 1989 оны хавар коммунизмыг цусгүй, тайван замаар халсан учраас зөөлөн буюу хамба хилэн хувьсгал гэж алдаршсан иргэний тэмцлийн манлайлагч нь Чехословак руу Зөвлөлтийн цэрэг оруулсныг эсэргүүцсэнийхээ төлөө хэвлэн нийтлэх эрхээ хасуулсан зохиолч Вацлав Хавел. Хойтон жил нь Чехословакт олон намын оролцоотой, анхны чѳлѳѳт ардчилсан сонгууль явагдаж, Үндсэн хуулиа ѳѳрчлөн эрх чѳлѳѳт, ардчилсан улс болсон түүхтэй.
1993 онд Чехословак улс Чех болон Словак гэсэн хоёр тусдаа орон болж салсан ч гэлээ хилэн хувьсгал Зүүн Европ даяар коммунизмын уналтын бэлгэ тэмдэг болоход олон улсын дэмжлэг, дотоодын эв нэгдэл чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Вацлав ХавелӨнөөгийн зөрчил 1968, 1989 оны үйл явдлуудтай хэд хэдэн талаар төстэй. Юун түрүүнд олон нийтийн жагсаал цуглаан гол үүрэг гүйцэтгэж буй. Хоёрдугаарт, дотоод зөрчил гадаад нөлөөнөөс ангид байх боломжгүй. 1968 онд Зөвлөлтийн дарамт гол хүчин зүйл байсан бол, одоо Орост ээлтэй бодлого баримталдаг Ерөнхий сайд Андрей Бабишийн Засгийн газар Ерөнхийлөгчийн про-европ үзэлтэй сөргөлдөж ардчилсан институцүүдийн бат бөх байдлыг сорьж байгаа юм.
2025 оны аравдугаар сард Чехэд болсон парламентын сонгуулиар Ерөнхий сайд асан, тэрбумтан Андрей Бабишийн тэргүүлдэг барууны популист ANO нам ялалт байгуулж, “Эрх чөлөө ба шууд ардчилал” (SPD), “Автомашин эзэмшигчид өөрсдийнхөө төлөө буюу Мотористуудын нам”- тай эвсэл байгуулан Засгийн газраа бүрдүүлсэн. Цагаачлалын эсрэг хандлага, Орост ээлтэй бодлогоороо ижилсдэг тус намуудын сонгуульд өнгөлсөн гол шалтгаан нь Украинд олгох цэргийн дэмжлэгийг цуцлах амлалт байв. Гэтэл Ерөнхийлөгч Петр Павел өмнө нь НАТО-д удирдах албан тушаал хашиж байсан генерал тул Европын Холбоо, Украинд туслах бодлогыг тууштай дэмжигч. Тиймдээ ч Петр Павел хуучин өрсөлдөгчөө амар томилсонгүй. Андрей Бабишаас бизнесийн ашиг сонирхлын давхардлаа шийдвэрлэхийг шаардсан тул тэрбумтан улстөрч өөрийн эзэмшлийн, улс даяар хамгийн олон салбартай Agrofert концерноос татгалзан байж оны өмнөхөн гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ олж авсан билээ. Хэрэг явдал үүгээр төгссөнгүй. Байгаль орчны сайдад нэр дэвшсэн Мотористуудын намын дарга Филип Турекийг томилохоос татгалзсаны дараа Гадаад хэргийн сайд Петр Мацинка “үр дагаврыг нь сануулсан” мессеж илгээж Ерөнхийлөгчийг дарамтлах гэж оролджээ.
Турек өмнө нь нийгмийн сүлжээнд нацист маягийн мэндчилгээ үзүүлж, нацистын эд зүйлс хадгалдаг гэх дуулианд холбогдсон тул олны дунд нэр хүнд муутай. Павел ч үүнийг тооцоолон иргэний нийгмээс жагсаалын дэмжлэг авч, сөрөг хүчний намуудыг талдаа элсүүлж дөнгөв. Ерөнхийлөгчид дарамт үзүүлсэн үндэслэлээр сөрөг хүчний намууд Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхээр парламентад санал хураалт явуулж, асуудал Үндсэн хуулийн шүүхэд очтлоо хурцдав. Орон нутгийн сонгууль дөхөж буй үед нийгмийн хуваагдал талцал ингэтлээ гүнзгийрэх нь гадаад аюулгүй байдал талдаа ч эрсдэлтэй.

Үндсэн хуулийн хүрээнд институцийн эрх мэдэл хязгаарлагдмал мэт боловч Петр Павелын олон улсын туршлага, стратегийн сүлжээ нь Засгийн газрыг илүү хурц шийдвэр гаргахад хүргэж магадгүй юм. Ерөнхийлөгч Петр Павел НАТО-гийн Цэргийн хорооны дарга, барууны аюулгүй байдлын мэргэжилтэн байхаасаа л Чехийг барууны эвсэлд баталгаатай түнш байлгахыг зорьж ирсэн. Тиймдээ ч өнөөгийн Засгийн газрын илүү прагматик бодлоготой зөрчилдөж буй.
Ардчилсан төрийн институцтэй, НАТО-гийн аюулгүйн баталгаа, Европын холбооны стандарттай ч Чехийн дотооддоо олон нийтийн итгэл суларсныг өдгөө Прагт өрнөж буй үйл явдлууд харуулж байна.
Чех улс өнөөдөр 1968 он шиг танкаар дайруулаагүй, 1989 он шиг ёс суртахуунаар нэгдээгүй. Энэ удаагийн сорилт нь аюул багатай мэт харагдах ч урт хугацаандаа геополитикийн илүү дарамт шахалттай тулгарч мэднэ.
Европын холбоо эдийн засаг, институцийн тулгуур санал болгож байгаа нь бодит үнэн. НАТО ч цэргийн баталгаа болж чадна. Гэвч эдгээр нь дотоод итгэл, ардчиллын амьдрах чадварыг автоматаар бий болгож чадахгүй. Ардчилал бол зөвхөн институц биш, иргэдийн ухамсар, улс төрийн хариуцлага, гадаад бодлогын зөв нүүдэл дээр тогтдог билээ.