
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн цөмийн цахилгаан станцад Зөвлөлтийн инженерүүд аюулгүй ажиллагааны туршилт хийж байх үед реактор 4 дэлбэрсэн. Энэхүү дэлбэрэлт нь Хирошимад хаясан атомын бөмбөгөөс хэдэн зуу дахин их хэмжээний цацраг идэвхт бодисыг агаарт тараасан байна.
Осол Украины Kиев хотын хойд хэсэгт, Беларусийн хил орчимд болсон ч цацраг идэвхт тунадас удалгүй Европын хойд болон төв хэсэгт тархжээ. Гэсэн ч Зөвлөлт засаг бодит байдлыг нуухын тулд мэдээллийг хатуу хянаж байлаа.
Олон арван жилийн турш судлаачид, улс төрчид, иргэний нийгмийн байгууллагууд ослын бодит түүхийг илрүүлэхээр ажилласан. Шинжлэх ухаан ослын шалтгааныг тайлбарлахад тусалсан ч буруу удирдлага, хайхрамжгүй байдал, зориудын ташаа мэдээллээс үүдсэн хүний амь насны хохирол, экологийн сүйрлийг бүрэн ойлгоход илүү их хугацаа шаардсан юм.
Штази ба КГБ-ийн нууц баримтууд
Зүүн Германы нууц алба Штази болон КГБ хоорондын нууц харилцааны баримтууд ослын бодит хэмжээг илчилж байна. Хэдийгээр олон нийтэд “бүх зүйл хяналтанд байна” гэж мэдэгдэж байсан ч дээд түвшний албан тушаалтнууд ослын асар их хор хөнөөлийг мэдэж байжээ.
Тэд эмнэлэгт хэвтсэн хүмүүс, хохирол, бохирдсон тариалан, мал, цацрагийн түвшинг нарийвчлан бүртгэж байсан ч энэ мэдээлэл зөвхөн хамгийн дээд албан тушаалтнуудад л хүрч байв. Тэдний хамгийн их санаа зовж байсан зүйл нь иргэдийн эрүүл мэнд биш, харин улсын нэр хүндэд учрах хохирол байжээ.

Мэдээллийг хянах стратеги
Зөвлөлтийн удирдагч Михайл Горбачев улс төрийн товчооны хурал дээр “олон нийтэд мэдээлэхдээ станц засвартай байсан гэж хэлэх хэрэгтэй” хэмээсэн нь баримтад үлдсэн байна.
Мөн тухайн үеийн өндөр албан тушаалтан Николай Рыжков гурван өөр хэвлэлийн мэдэгдэл бэлтгэхийг санал болгожээ. Тодруулбал,
Зөвлөлтийн иргэдэд зориулсан
Социалист холбоот улсуудад зориулсан
Барууны орнуудад зориулсан мэдэгдэл.
Зүүн Германд төрийн хяналттай хэвлэл мэдээлэл “ямар ч аюулгүй” гэсэн мэдээллийг олон нийтэд тарааж байв. Гэвч олон хүн барууны телевиз, радио хүлээн авах боломжтой байсан тул төрийн мэдээлэлд эргэлзэж байв.
Эдийн засгийн хохирлыг нуух оролдлого
Цацраг идэвхт бохирдлын улмаас хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийж эхэлсэн. Хүүхдүүд сургууль дээр сүү уухаас татгалзаж, иргэд хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг асууж байв.
Үүний улмаас илүүдэл болсон бүтээгдэхүүнийг Зүүн Герман руу экспортлох төлөвлөгөөг Штази боловсруулжээ. Ингэснээр бохирдсон хүнсийг олон хүнд бага хэмжээгээр тарааж, аюулыг “тараах” зорилготой байсан байна.
Харин Баруун Герман хил дээрх шалгалтаа чангатгаж, цацраг идэвхт түвшинтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хориглосон тул доод түвшний ажилтнуудыг машин цэвэрлэхэд дайчилж, эрсдэлд оруулжээ.
Зөвлөлтийн хувьд бохирдсон махыг Москвагаас бусад бүс нутгуудад тараах төлөвлөгөө боловсруулсан байна.
Ташаа мэдээлэл системийн сул тал болов
1950 онд байгуулагдсан Штазигийн ажилтнууд эхэндээ социалист тогтолцоонд итгэдэг байсан ч 1980-аад он гэхэд олонх нь итгэл алдарсан байв.
1990 онд Берлины ханыг нураасны дараа эсэргүүцэгчид Штазигийн төв байрыг эзлэхэд тэд бараг эсэргүүцэл үзүүлээгүй нь үүний илрэл юм.
Чернобылийн дараах ташаа мэдээлэл нь Зүүн Герман болон Зөвлөлтийн засгийн газрууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй, харин нэр хүндээ хамгаалахыг илүүд үздэг гэсэн ойлголтыг улам баталгаажуулжээ.