
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газраас бүтээн байгуулалтын томоохон төсөл эхлүүлэх шийдвэр гаргасан түүхэн өдөр болж байна. Удаан хугацаанд яригдаж байсан Гангын цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа. Гангын цогцолбор хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. 800 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай. 2025 оны эцсийн байдлаар Монгол Улс нэг сая тонн ган хэрэглэж байна. 2030 он гэхэд 1.7 сая тонн хэрэглэнэ гэсэн тооцоололтой байна. Бид дотоодын хэрэгцээгээ хамгийн багадаа 60, 70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэртэй болно.
Энэ үйлдвэр баригдсанаар барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс хямдруулах, импортоос хамааралтай байдлыг бууруулна. 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох томоохон хэмжээний аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна.
750 га газрыг Дархан-Уул аймагт Гангийн үйлдвэрт зориулан гаргах шийдвэрийг гаргасан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар энэ Засгийн газрын үед томоохон үйлдвэрүүдээ ашиглалтад оруулах дээр төвлөрч байна. Дараагийнх нь зэс хайлуулах үйлдвэр.
Энэ хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахуун нийлүүлнэ. Дизель түлш нь дээр зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан үнийн хэлбэлзэл үүсэх нөхцөл бий. Дэлхийн 90 гаруй оронд бензинтэй холбоотой хямрал нүүрлэж байна. Бидэнд нөөц байгаа, гэхдээ үнэ өсөж байна" гэв.