
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн буруутгагддаг, өөрийгөө “арьс өнгөний реалист” гэж тодорхойлдог Америкийн эрдэмтэн Натан Коффнасын илтгэл тавихыг эсэргүүцэн олон мянган хүн өргөдөлд гарын үсэг зурж, Оксфордын их сургуульд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн долдугаар сард талийгаач профессор Жейсон Ардайг бусдын бүтээлийг хуулбарласан гэж буруутгаж байсан Коффнас мягмар гарагийн орой Оксфордын их сургуулийн Ориэл коллежид илтгэл тавихаар болжээ. Уг арга хэмжээг хэт барууны үзэлтэй Reform UK намтай холбоотой Оксфордын Реформ оюутны нийгэмлэг зохион байгуулж байгаа юм.
Коффнас арьс өнгө болон оюун ухааны чадамжийг хооронд нь холбосон, евгеникийн үзэлтэй төстэй байр суурь илэрхийлж ирсэн нь олон жилийн турш маргаан дагуулсан. Тэрбээр нэгэн нийтлэлдээ хар арьст хүмүүс бусад арьс өнгөний бүлгийнхнээс оюун ухааны чадвар сул гэж бичсэн бөгөөд үүний улмаас Кембрижийн их сургуулийн Эммануэл коллеж дахь албан тушаалаасаа халагдсан юм.
Тэрбээр хар арьст Кембрижийн профессор Жейсон Ардайг бусдын бүтээлийг хуулбарласан гэж буруутгасны дараа өнгөрсөн наймдугаар сард Бельгийн Гентын их сургуулийн докторын дараах судлаачийн ажлаас нь түдгэлзүүлжээ. Ардай хуулбарласан гэх буруутгалыг удаа дараа няцааж байсан ч өөрийн бүтээлүүдэд алдаа байсныг хүлээн зөвшөөрсөн байна. Дуулиан улам өргөжсөний дараа Ардай албан тушаалаасаа огцорч хожим нь гэртээ нас барсан байдалтай олджээ.
Харин Коффнасын хувьд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх хугацаанд Гентын их сургуульд зарим эрдэм шинжилгээний ажлаа зайнаас үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан ч багшлах эрхгүй хэвээр байна.
Оксфордын Реформ оюутны нийгэмлэг “Олон талт байдал, тэгш байдал, оролцоо нь дээд боловсролд сөргөөр нөлөөлж байна уу?” гэсэн сэдэвтэй арга хэмжээгээ хамгаалж, “их сургуулийн амьдралд оролцох боломжийг илүү өргөн хүрээнд нээхийг зорьдог” гэж мэдэгджээ.
Оксфордын их сургууль мэдэгдэлдээ, өөрийн эзэмшлийн байранд зохион байгуулагдаж буй арга хэмжээ нь “илтгэгчдийн үзэл бодлыг коллеж дэмжиж байгааг илэрхийлэхгүй” гэдгийг онцлов.
Их сургуулийг “Натан Коффнасыг илтгэл тавихыг урьсан урилгаа цуцлах”-ыг шаардсан цахим өргөдөлд 32 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. “Оксфордын их сургуульд хэлэлцүүлж буй үзэл санаа зөвхөн лекцийн танхимд үлддэггүй” гэдгийг тус өргөдөлд онцгойлон дурдсан байна.