
Пакистаны шоронд хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыг дэмжигч олон мянган хүн түүнийг суллахыг шаардан нийслэл Исламабад руу урт жагсаал эхлүүлжээ.
Жагсаал ням гарагт Ханы Пакистан Тэхрийк-э-Инсаф нам засагладаг баруун хойд нутгийн Хайбер-Пахтунхва мужаас эхэлсэн байна. Жагсагчид Исламабад хүрэхээсээ өмнө хэд хэдэн газарт зогсохоор төлөвлөжээ.
Жагсаалыг удирдаж буй тус мужийн Ерөнхий сайд Сохайл Африди “Шоронд хоригдож буй удирдагчийнхаа төлөө та бүхнийг, залуусыг бүгдийг нь гарч ирэхийг уриалж байна” гэж мэдэгджээ.
Ханы нам болон Пакистаны эрх баригчдын хоорондын зөрчил 2022 онд парламентын санал хураалтаар Ханыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулснаас хойш үргэлжилж буй. Хан түүнийг огцруулахад цэргийнхэн оролцсон гэж буруутгасан ч армийн зүгээс энэ мэдэгдлийг үгүйсгэдэг.
2023 оны тавдугаар сард Ханыг баривчилсны дараа түүний дэмжигчид үймээн дэгдээж, цэргийн байгууламжууд руу халдсан нь зөрчлийг улам хурцатгасан. Үүний дараа эрх баригчид Пакистан Тэхрийк-э-Инсаф намын олон мянган дэмжигчийг баривчилж, улмаар хэдэн арван хүнийг цэргийн шүүхээр ялласан юм.
74 настай, крикетийн од асан Хан өөрийгөө улс төрийн хоригдол хэмээн тодорхойлсоор ирсэн.
Түүнийг 2023 онд баривчлагдахаас өмнө цэргийнхэнтэй харилцаа нь муудсан бөгөөд цөмийн зэвсэгтэй Пакистаны улс төрд цэргийн байгууллага хамгийн гол шийдвэр гаргагч гэж шинжээчид үздэг. Харин цэргийнхэн болон одоогийн иргэний засгийн газар Ханыг улс төрийн хоригдол гэдгийг үгүйсгэж, Пакистаны шүүх засаглал хараат бус гэдгийг онцолдог.
Хан хэд хэдэн шүүх хурлаар ял шийтгүүлсэн.
Уг жагсаалыг анх есдүгээр сарын 27-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Ерөнхий сайд Шехбаз Шарифын засгийн газар тус намын шаардлагын талаар хэлэлцээ хийх санал тавьсны дараа хойшлуулсан юм. Гэвч уг хэлэлцээ бүтэлгүйтжээ.
Хоёр жилийн өмнө болсон Пакистан Тэхрийк-э-Инсаф намын хамгийн том хэмжээний эсэргүүцлийн жагсаал аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдсөнөөр өндөрлөж, хүний амь нас хохирсон юм.
Одоогоор Исламабад хот болон түүний эргэн тойронд олон мянган цагдаа, хагас цэргийн хүчний алба хаагчдыг байршуулжээ. Парламент, Ерөнхий сайдын өргөө болон гадаадын элчин сайдын яамд байрладаг засгийн газрын дүүрэг рүү орох замуудыг хаахын тулд тээврийн чингэлгүүд байрлуулсан байна.