
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрээр "Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэхийн тулд намайг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулаад одоо УИХ-д танилцуулах процесс өнөөдөр хийгдэнэ. Тиймээс УИХ-д танилцуулагдсаны дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ. Одоо бол товч байр суурь илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Өчигдөр манай намын Хяналтын ерөнхий хороо үүр шөнийн заагаар хуралдаж миний биеийг МАН-аас хөөсөн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж сонссон. Энэ бүтэц бүрэлдэхүүн нэгдүгээрт, Үндсэн хуулийн эрх зүйн чадамжгүй.
Хоёрдугаарт, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн тав нь УИХ-аас зохион байгуулсан нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдаж байсан хүмүүс. Би нүүрсчдэд хөөгдөхгүй.
Энэ өдрүүдэд олон зүйл тодорхой болж байна. Би яг долоо хоногийн өмнө ярилцлага өгсөн. Долоо хоногийн хугацаанд ард түмэн ялж байна. Хэн нь нүүрсний хулгайтай холбоотой гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Өөрсдөө гарч ирж байна. Илчлэгдэж байна. Энэ бол Монголын ард түмний ялалт. Ерөнхий сайдын хэлсэнчлэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжийг хулгайлж байгаа. Хүүхдүүдийг сурах боломж, Монголын ирээдүйг хулгайлж байгаагийн эсрэг тэмцэл гэж ойлгох ёстой. Би УИХ-д танилцуулагдсаны дараа дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ" гэлээ.