
Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани цагаачлалын албаны ажилтнууд дотор нь хүүхэдтэй автомашин руу гал нээсэн гэж мэдэгдсэн бол Дотоодын аюулгүй байдлын яам тухайн эрэгтэйг баривчлах бай болсон хүн гэж тайлбарлав.
АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны (ICE) ажилтан Нью-Йорк хотын Марбл-Хилл дүүрэгт нэгэн эрэгтэйг буудсан талаар хотын дарга Зохран Мамдани мэдэгдэж, уг явдлыг "хүлээн зөвшөөрөхийн аргагүй, туйлын ноцтой нөхцөл байдал" хэмээн тодорхойлжээ.
Мамдани пүрэв гарагт X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, урьдчилсан мэдээллээр албаны ажилтнууд автомашинтай эрэгтэй болон түүний таван настай хүүхдийг бүслэн зогсоосны дараа хэд хэдэн удаа буудсан гэжээ.
Түүний нэмж хэлснээр, Цагаачлалын алба
Мамдани Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсан, мөн Нью-Йорк хотод явуулж буй Цагаачлалын албаны бүх албадан хэрэгжүүлэх ажиллагааг зогсоохыг түүнээс шаардана гэж мэдэгдэв.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр, Цагаачлалын албаны ажилтнууд пүрэв гарагийн 16:00 цагийн орчимд Бронкс дүүрэгт «тодорхой байнд чиглэсэн хууль сахиулах ажиллагаа» явуулж, гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан Доминиканы иргэн гэж тодорхойлсон нэгэн эрэгтэйг баривчлахаар ажиллаж байжээ. Яамны мэдэгдэлд, нэг ажилтан гал нээсэн, тухайн эрэгтэй шархадсан гэж дурджээ.
Энэ хэрэг одоо ч мөрдөн шалгах ажиллагаанд байгаа гэдгийг Дотоодын аюулгүй байдлын яам мэдээлсэн байна.
Нью-Йорк хотын Цагдаагийн газрын мэдэгдсэнээр, буудуулсан эрэгтэй ойролцоох эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Цагаачлалын албаны талаарх олон нийтийн байр суурь өөрчлөгдөж буйд Трамп хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шударга бус мэдээллийг буруутгалаа. Тэрбээр Дотоодын аюулгүй байдлын яам болон Цагаачлалын албаны баривчилсан «хүчирхийллийн гэмт хэрэгтнүүдийн» талаар олон нийтэд мэдээлэхийг уриалсан байна.
Цагаачлалын алба жил бүр нэг сая хүнийг албадан гаргах зорилт тавьжээ.
Нэгдүгээр сар гэхэд тус агентлагийн ажилтнуудын тоо хоёр дахин нэмэгдэж, 22 000-аас давсан байна. Өдгөө Цагаачлалын алба нь АНУ-ын холбооны түвшний хууль сахиулах байгууллагуудаас хамгийн их санхүүжилт авдаг агентлаг болжээ. Өнгөрсөн онд Трампын гарын үсэг зурсан татварын хуулийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд тус агентлагт ойролцоогоор 75 тэрбум ам.долларын санхүүжилт хуваарилсан байна.