
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадам ирэх ням гарагт өндөрлөнө. 45 орны үндэсний олимпын хорооны тамирчид оролцож буй тус наадмыг БНХАУ-ын баг 119 алтан медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол зохион байгуулагч Японы баг 37 аваргатай удаалж байна. Монгол Улсын баг дугуйн нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 38-р байрт бичигдэж буй.
Наадмын сүүлийн өдрүүдэд манай үндсэн төрөл болох жүдо бөх, чөлөөт бөхийн тэмцээн болно. Мөн өнөөдрөөс эхлэх боксын медалийн төлөөх тулаанд манай тамирчид шалгараад байна.
Гавьяат тамирчин Б.Сэр-Од маргааш 5000м-т уралдана
Хөнгөн атлетикийн тэмцээний медальтнууд тодорсоор байна. Монгол Улсаас марафон, ойр зайн болон уртын харайлтын төрөлд өрсөлдөж, Азийн наадамд зарим түүхэн амжилтыг үзүүллээ.
Тэсвэр тэвчээр шаардсан 42 км 195 м зай буюу марафоны төрөлд манай шилдэг тамирчид дахин уралдлаа. Нагоя хотод болсон марафоны эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 10-р байрыг эзэлж, Азийн наадмын шилдгүүдийн тоонд багтлаа. Мөн эрчүүдээс Ж.Олонбаяр, Д.Гантулга 16-18-р байрыг эзэлж, хувийн амжилтаа ахиулсан байна.
Харин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн марафоны төрлөөр оролцдог гавьяат тамирчин Б.Сэр-Од маргааш 5000м зайд уралдахаар болжээ. Тэрээр 2013 онд Зүүн Азийн наадмаас 5000м зайд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Байт харвааны баг “Лос-Анжелес 2028” олимпын эрхийн төлөө харваж байна
Азийн наадмын байт харвааны хувийн болон багийн харваанууд эхэлсэн. 70 метрийн рекурв болон 50 метрийн компаунд төрөлд олимпын эрх олгох юм. Монгол Улсаас “Ханжоу 2022” Азийн наадмын аварга Б.Отгонболд тэргүүтэй шилдэг харваачид өрсөлдөж байна.
Өнөөдөр компануд төрөлд өрсөлдөж байгаа харваачид хувийн шийдвэрлэх харвааг хийнэ. Харин маргааш рекурвын төрлийн харваанууд болж, шөвгийн наймд өрсөлдөх харваачид тодорно.
Байт харвааны аваргууд ирэх лхагва гарагаас эхлэн тодорч, "Лос-Анжелес 2028" олимпын наадмын эрхүүд эзэддээ очих юм.
Боксын медалийн төлөөх тулаанууд эхэллээ
Азийн наадмын найм дахь өдөр буюу өнөөдөр боксын хүрэл медалийн төлөөх тулаанууд болно. Манай улсаас гурван тамирчин медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
Эмэгтэй 51 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн БНХАУ-ын тамирчин Ву Юу-тэй тулалдана.
Эмэгтэй 60кг жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ М.Намуун Узбекистан улсын тамирчин Турдибекова Ситоратай оноолт таарсан. Энэ тулаан өнөөдөр 16:15 цагаас болно.
Эрэгтэй 55кг жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Билгүүнсайхан Тайланд улсын тамирчин Бохунтод Канпитэй медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг хийнэ. Энэ тоглолт 17:30 цагаас болох хуваарь гарчээ.
Чөлөөт бөхөөс гадна сонгомолоор манай бөхчүүд барилдана
Манай улсын үндсэн төрлүүд болох чөлөөт болон жүдо бөхийн тэмцээн ирэх лхагва гарагаас эхлэн аравдугаар сарын 3-н хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа өрсөлдөнө.
Сонгомол бөхийн төрөлд 60 кг-д М.Даваабанди, 67 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Т.Боргил, 87 кг-д Г.Төрболд, 97 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар барилдах юм. Маргааш чөлөөт болон сонгомол бөхийн жингийн оноолт гарна.
Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн мөн лхагва гарагт эхэлнэ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд шилдэг жүдочид барилдана.
Маргааш эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн оноолт гарна. Манай улсаас 60 кг-д Э.Ариунболд, 66 кг-д К.Ёолк, 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа нарын шилдэг жүдочид барилдана.
Монгол Улс нэг хүрэл медальтайгаар Азийн наадмыг үргэлжлүүлж байна
Наадмын эхний өдрүүдэд болсон тэмцээнээс Монгол Улсын дугуйн баг нэг хүрэл медаль хүртсэн. Азийн наадмын цуваа гараатай уралдаанд “Парис 2024” олимпын наадмын оролцогч С.Жамбалжамц хүрэл медаль хүртэж багийн амжилтыг эхлүүлсэн. Тэрээр мөн бөөн гараатай уралдаанд дөрөвдүгээр байр эзэлж, тэмцээнийг дуусгасан юм.
Буудлагын тамирчдаас эрэгтэйчүүдийн 50м гурван байдлаар буудах тэмцээнд ОУХМ Б.Эрхэмбаяр болон 10 метрийн хийн бууны төрөлд Н.Баяраа нар хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Тэд шигшээ буудлагад шалгарсан ч дөрөвдүгээр байрыг эзэлсэн юм.