
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ.
Энэхүү дээд түвшний парламентын форум нь парламентын гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, улс төрийн манлайлал нь Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм.
Форумд нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж хэлсэн үгэндээ ердийн нэг уулзалт бус, цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр болохыг тодотгосон.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди форумын үр дүнд парламентын шийдвэр гаргах түвшинд бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар ердөө 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв.
Форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна