
Хан мөрний 17 гүүр дээр байрлах 900 камерыг хянадаг энэхүү төв нь хүний амь аврах ажиллагаа, гэмт хэрэгтэн мөрдөх ажлыг гүйцэтгэдэг.
Сөүл хотын ихэнх оршин суугчдын хувьд Хан мөрөн бол оройн зугаалга хийн хотын амьдралаас түр амсхийх газар юм.
Харин Сөүлийн Гванжин дүүрэгт байрлах Хан мөрний гүүрний CCTV нэгдсэн хяналтын төвийн дарга Ким Жон-ёны хувьд түүний баг өдөр бүр хүмүүсийг аюултай мөчөөс буцаан татдаг газар аж.
2021 онд байгуулагдсан тус төв нь хиймэл оюун ухаан ашиглан яаралтай тусламжийн цогц хяналт хийдэг бөгөөд Сөүл хотын явган зорчигч нэвтрэх боломжтой Хан мөрний 21 гүүрийн 17 дээр байрлах 900 CCTV камерыг хянадаг байна. Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх нь төвийн хамгийн түгээмэл ажил боловч гэмт хэрэгтэн мөрдөх, зам тээврийн осол, хар тамхитай холбоотой хэргийг ч мөн хариуцдаг.
“Өдөр бүр амиа хорлох оролдлого байж болзошгүй 3-4 тохиолдол илэрч, дуудлага өгдөг” гэж Ким Жүн Ён The Korea Times сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Тэдний ихэнх нь эсэргүүцэл үзүүлэхгүйгээр цагдаа нартай хамт явдаг. Энэ нь тэд үнэхээр амьдралаа дуусгахаар шийдсэн байсныг харуулдаг” гэж тэр хэлсэн байна.
Хотын захиргааны мэдээллээр Хан мөрний гүүрүүд дээрх амиа хорлох оролдлого 2022 оноос хойш дөрвөн жил дараалан 1000-аас давсан бөгөөд зөвхөн өнгөрсөн онд 1270 дуудлага бүртгэгджээ. Үүнээс 10 нь нас баралтаар төгссөн бөгөөд аврагдсан түвшин 99 хувь байсан байна.
Энэ амжилтын ихэнхийг хиймэл оюун ухаанд хамааруулж байгаа аж. Систем нь “удаан саатах бүс”-д хүн гэж танигдсан объект 300 секундээс илүү хугацаанд байвал дохиолол өгдөг байна. Эдгээр бүс нь хүмүүс удаан хугацаагаар зогсох боломжтой хэсгүүд юм.
Сэжигтэй хүн илэрвэл операторууд дүрсийг ойртуулан тухайн хүн зүгээр л голын эрэг дээр амарч байна уу, эсвэл амиа хорлох талаар бодож байна уу гэдгийг тодорхойлдог. Тэд уйлж байгаа эсэх, инээмсэглэж байгаа эсэх зэрэг шинж тэмдгийг ажигладаг байна. Мөн өвлийн дунд шаахай өмссөн байх, сожу архины шил авч явах, эсвэл сандал гүүрэн дээр гаргаж ирэх зэрэг жижиг деталь ч чухалд тооцогддог аж.
Аюул батлагдсан даруйд хурд хамгийн чухал болдог. Ихэнх гүүр дээр аврах баг дөрвөн минутын дотор ирдэг бөгөөд хүн үсрэхээс өмнөх секунд бүр үнэтэй байдаг.
“Хан мөрний гүүрүүд дунджаар 30 метр өндөр. 70 орчим кг жинтэй насанд хүрсэн хүн тэндээс усанд унах нь цагт 60 км хурдтай автомашинд мөргүүлэхтэй ижил хүчтэй байдаг” гэж Ким тайлбарлаад, иймээс үсрэхээс өмнө хөндлөнгөөс оролцох нь хамгийн чухал гэжээ.
Төв нь мөн 119 усан аврах албатай нягт хамтран ажилладаг. Гүүрэн дээр аюултай байдалд орсон хүн илэрвэл хоёр тал шууд дүрсийг хамт ажиглаж, аврах баг шуурхай хөдөлгөөнд бэлэн байдаг байна.
Төвийн үйл ажиллагаа зөвхөн аврах ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Систем нь хүйс, нас, хувцасны төрөл зэргээр шүүлт хийж хайх боломжтой аж. Жишээлбэл “дөрөвдүгээр сарын 29, эрэгтэй, Мапо” гэх мэт хайлт хийхэд тухайн өдөр Мапо гүүрээр гарсан бүх насанд хүрсэн эрэгтэй хүний дүрс гарч ирдэг бөгөөд энэ нь цагдаад сэжигтний хөдөлгөөний чиглэлийг тогтооход тусалдаг байна.

Бүх мэдээлэл нь Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд хатуу хяналттай хадгалагддаг бөгөөд нэг сарын дараа устгагддаг аж.
Хиймэл оюун ухаан нэвтрэхээс өмнө операторууд дүрсийг гараар хянадаг байсан бөгөөд 2017 оны хотын аудитын тайланд энэ систем хангалтгүй гэж дүгнэж байжээ. Дараагийн судалгаагаар нэг хүн дээд тал нь 12 дэлгэц зэрэг хянах боломжтой нь тогтоогдсон байна. Тухайн үед 422 камер байсан тул бүрэн гараар хянахын тулд ойролцоогоор 86 ажилтан шаардлагатай байжээ.
Үүний шийдэл нь хиймэл оюун ухааныг эхний шүүлтүүр болгон ашиглах байсан бөгөөд одоо ердөө 11 оператор ээлжинд ажилладаг байна.
Гэсэн ч технологи сул талтай хэвээр. Кимийн хэлснээр системийн “галлюцинац” буюу буруу таних түвшин 15 орчим хувь байдаг бөгөөд заримдаа объектуудыг хүн гэж андуурдаг. Тиймээс эцсийн шийдвэрийг хүний үнэлгээ гаргасаар байна.
Кимийн хувьд хамгийн үнэ цэнтэй мөч бол хүний амь аврагдсан тухай мэдээ ирэх үе юм. Энэ нь өдөр, шөнө хэзээ ч ирж болно. “Аврах ажиллагаа амжилттай болсон тухай мэдээ ирэх бүрд би ажилтнууддаа “сайн ажиллалаа” гэж хэлдэг. Тэр үед би хамгийн их бахархдаг” гэж тэр хэлжээ.
Ким өөрийгөө Хан мөрөн дээр амьдралаа дуусгахаар ирсэн хүмүүсийн зовлонг бүрэн ойлгодог гэж хэзээ ч хэлдэггүй. Гэхдээ бодлоо өөрчлөх ганц боломж ч асар их ялгаа авчирч чадна гэж үздэг байна. “Үхлийг буцаах боломжгүй учраас энэ нь тухайн мөчид гаргасан алдаа байж магадгүй” гэж тэр хэлээд, жинхэнэ гавьяа нь гал сөнөөгчид болон цагдаагийн алба хаагчдад хамаарна гэдгийг онцолжээ.