УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монголд Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өчигдөр Улаанбаатарт буусан бөгөөд өнөөдөр "Чингис хаан" үндэсний музейд зочиллоо. Түүний айлчлал энэ сарын 3 хүртэл үргэлжилнэ.  

Шинэ Зеландын парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли нар албан ёсны хэлэлцээ хийх юм. 

Монгол Улс, Шинэ Зеланд улс нь 1975 оны дөрөвдүгээр сарын 08-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.