
Ойрхи Дорнодын стратегийн чухал гарц болох Ормузын хоолой хаагдсанаар дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, газрын тосны үнэ олон сарын турш огцом өсөж, дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй нөлөөлөөд буй.
Персийн булангаас хэдэн мянган километрийн зайд орших АНУ, Европын өрхийн шатахууны зардал эрс нэмэгдэж байгаа энэ үед дэлхийн томоохон газрын тосны компаниуд Ираны дайны үр дагавраас асар их ашиг хүртэж байна.
ExxonMobil, Chevron, Shell, BP зэрэг компаниуд дайн үргэлжилж, мөргөлдөөн Улаан тэнгис хүртэл тэлэхийн хэрээр олон тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.
Томоохон газрын тосны компаниуд хэр их ашиг олсон бэ?
Ихэнх үйлдвэрлэл, нийлүүлэлт нь Ормузын хоолойноос хол байрладаг компаниуд өндөр үнийн өсөлтийн үр шимийг хүртжээ.
ExxonMobil – Тус компаний хоёрдугаар улиралд 14.5 тэрбум ам.долларын цэвэр ашиг, тохируулсан дүнгээр 14.7 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр улирлын ашиг болжээ. Ашиг ийн өсөхөд газрын тосны үнэ өсөж, боловсруулах үйлдвэрийн ашиг нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн ч Катар дахь үйлдвэрлэлийн доголдлоос шалтгаалан ашиг нь Уолл Стритийн хүлээлтэд харин хүрээгүй байна.
Chevron - Хоёрдугаар улиралд 12 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хэлцлийн (upstream) ашиг өмнөх оны мөн үеэс 200 хувиар өсөж 8.2 тэрбум ам.доллар болсон. Харин доод урсгал (downstream) ашиг 4.9 тэрбум ам.доллар хүрч, 2010-аад оны эхэн үеэс хойших хамгийн сайн үзүүлэлт болсон байна.
Shell - Европын хамгийн том газрын тосны компани болох тус компани хоёрдугаар улирлын ашгаа хоёр дахин нэмэгдүүлж, бараг 10 тэрбум ам.долларын ашиг олжээ. Газрын тос, байгалийн хийн үнэ өссөн, мөн шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-ийн үйл ажиллагаа тогтвортой байсан нь ашигт нөлөөлсөн байна.
TotalEnergies - Францын газрын тосны аварга компанийн ашиг хоёрдугаар улиралд 67 хувиар өсөж, бараг сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Газрын тосны өндөр үнэ, нефть боловсруулах болон химийн бүтээгдэхүүний ашиг өссөн нь шингэрүүлсэн байгалийн хийн алдагдлыг нөхсөн байна.
BP - Их Британийн BP хоёрдугаар улиралд 5.73 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь жилийн өмнөх 2.35 тэрбум ам.доллараас хоёр дахин их, шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болжээ.
Saudi Aramco - Дэлхийн хамгийн том төрийн өмчит газрын тос үйлдвэрлэгч Saudi Aramco-гийн улирлын ашиг өмнөх оноос 44 хувиар өсөж 32.69 тэрбум ам.долларт хүрсэн байна. Саудын Арабын Зүүн–Баруун хоолой нь экспортын хувьд Ормузын хоолойноос хамаарах хамаарлыг бууруулахад тусалжээ.
Ашгийн өсөлтийн шалтгаан юу вэ?
Kpler компанийн ахлах шинжээч Мүю Шюйгийн мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар хагаст дэлхийн газрын тосны жишиг үнэ нэг баррель нь дунджаар 96.68 ам.доллар болсон нь 2026 оны эхний улирлын 78.38 ам.доллар, 2025 оны хоёрдугаар улирлын 66.71 ам.доллароос хавьгүй өндөр үзүүлэлт юм.
Түүний хэлснээр "Ормузын хоолойн тээврийн сааталд өртөөгүй үйлдвэрлэгчид газрын тосны өндөр үнэ болон Ойрхи Дорнодын нефтийг орлох нийлүүлэлт хайсан орнуудын эрэлтээс ихээхэн ашиг хүртсэн" гээд "Барууны орнуудад томоохон боловсруулах үйлдвэртэй компаниуд боловсруулсан бүтээгдэхүүний үнэ өсөж, нийлүүлэлт хумигдсанаар боловсруулах үйлдвэрийн ашиг эрс нэмэгдсэн" хэмээн тайлбарлажээ.
АНУ-ын газрын тосны фьючерсийн дундаж үнэ дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл баррель нь 92 орчим ам.доллар байсан нь оны эхний улирлаас 27 хувиар өндөр байв.
FactSet компанийн мэдээллээр, S&P 500 индексийн найман салбарын ашиг хоёрдугаар улиралд хоёр оронтой тоогоор өссөн, эрчим хүчний салбарын ашиг өмнөх оноос 135.3 хувиар өссөн нь бүх салбараас хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Эдийн засагчдын үзэж буйгаар газрын тосны үнэ өссөнөөр орлого нэмэгдсэн ч үйл ажиллагааны зардал харьцангуй бага өссөн тул ашиг үүнээс хавьгүй өндөр хурдаар өссөн байна. Үүний үр дүнд салбарын хамгийн том компаниуд урьд өмнө байгаагүй хэмжээний ашиг хүртжээ.