
Цахим спортын “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Senzu-гийн оронд “сontrolez” Б.Өнөдэлгэрийг сонгосон билээ. Уг баг шинэ бүрэлдэхүүнээрээ сүүлийн гурван тэмцээнд оролцсон. Тэгвэл “Controlez” Б.Өнөдэлгэртэй хийсэн гэрээ дуусгавар болсныг өчигдөр багийн зүгээс мэдэгдсэн. Харин түүний оронд одоогоор хэн ирэх нь тодорхойгүй байна.
Энэ жил 28 настай туршлагатай тамирчин Б.Өнөдэлгэр 2017 онд “The MongolZ” багт тоглож байжээ. Түүний хувьд дахин багтаа нэгдэж гурван тоглолтод оролцлоо.
"Controlez” Б.Өнөдэлгэр хамгийн сүүлд Унгарт болсон “StarLadder Budapest Major-2025” тэмцээнд оролцож хасагдах шатны тоглолтод ялалт байгуулахад багийн шилдэг тоглогчоор шалгарч байсан юм. Тэрээр тэмцээний дараа багаа төлөөлж сэтгэгдлээ хэлж байв.
“Controlez” Б.Өнөдэлгэр “Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ хүртэл бэлтгэл маш сайн хийсэн. Анх багт орох саналыг хүлээж аваад сандарч байлаа. Тухайн үед итгэж өгөөгүй. Гэхдээ урьд нь тоглож байсан учраас саналыг авсан. Бас надад эргэлзэх үе байсан ч чаддаг зүйлээ хийж байгаа учраас бэлтгэлтэй байлаа. Би багийн гишүүдээ сайн мэдэх учраас нэг баг болж уусахад хүндрэл байгаагүй. Энд ирж биднийг дэмжиж байгаа монголчууддаа баярлалаа. Бас ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.
Цахим спртын түүхэнд тогтвортой амжилтыг үзүүлж дэлхийн топ тэмцээнд амжилт гаргаж буй “The MongolZ” багийг ирэх онд олон тэмцээн хүлээж байна.
