
Нийгмийн үйлчилгээ тааруу ч татварын дарамт ихийг эсэргүүцсэн тэмцэл олныг хамарсан энэ үед 800 мянган төгрөгийн цалинг татвараас чөлөөлөх шийдэл нүдээ оллоо.
Сарын 80 мянга, жилийн 960 мянган төгрөгийн хөнгөлөлтөд иргэд аятай хандаж байна. Цахим өргөдлийн системд Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгохоор гарын үсэг зурсан 100 мянган иргэн ч чимээгүй боллоо. Харин энэ хөнгөлөлтийн ирээдүйн үнэ цэн ямар байх вэ гэдгийг одоогоор бодолцох хүн алга. Мэдээж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан цалинг татвараас чөлөөлж байгаа нь сайн хэрэг. Арав гаруйхан мянган төгрөгийн хөнгөлөлтийг ядахдаа ийм түвшинд хүргэх шаардлага гарцаагүй бий. Гэхдээ хэдхэн жилийн дараа үр ашиггүй болсон өмнөх шийдэл, шийдвэрийг яг одоо давтах гэж байна.
Одоо иргэд цалин, орлогынхоо 10 хувийг татварт суутгуулаад 20 мянга хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлэх хуультай. Тодруулбал, цалингаас нийгмийн даатгалын шимтгэл хассан дүн нь
500.000 хүртэлх төгрөг бол 20,000
500.001-1.000.000 төгрөг бол 18.000
1.000.001-1.500.000 төгрөг бол 16.000
1.500.001-2.000.000 төгрөг бол 14.000
2.000.001-2.500.000 төгрөг бол 12.000
2.500.001-3.000.000 төгрөг бол 10.000 төгрөгийн хөнгөлөлтийг сар бүр авч байгаа.
Харин 3.000.001-ээс дээш төгрөгийн цалинтай бол татварын хөнгөлөлт үзүүлэхгүй. Энэ зохицуулалтыг 10 гаруй жилийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байхад тогтоож байжээ. Харин одоо 500 мянган төгрөгийн цалинтай хүн байхгүй. 20 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт авдаг хүн байхгүй гэсэн үг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр дундаж цалин 2.3 сая төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг хасахад хөнгөлөлт нь 12 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, одоо ажил хийж буй иргэдийн ихэнх нь 12-хан мянган төгрөгийн хөнгөлөлт авдаг гэсэн үг. Цаашлаад жил ирэх тусам инфляцтай уялдуулан иргэдийн цалин хөлсийг нэмж гурван сая төгрөг давахад хөнгөлөлт эдлэхээ болино. Төгрөгийн ханш жил ирэх тусам унадаг, цалин, өргөн хэрэглээний барааны үнэ харилцан хамааралтай энэ нийгэмд ийм хөнгөлөлт үр ашиггүй болдгийн жишээ энэ.
Цалингийнхаа 30 орчим хувийг татвар нийгмийн даатгалын шимтгэлд өгч байгаа нь иргэдэд ихээхэн дарамт болж байгаа нь үнэн. Үүний илрэл нь Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох иргэдийн санаачилга. Цахим өргөдлийн системд энэ татварыг нэг хувь болгох санаачилгад 100 мянган иргэн гарын үсэг зурсан. Улмаар УИХ-аас энэ асуудлыг судалж, санал гаргах ажлын хэсэг байгуулснаар татварын хөнгөлөлтийг эргэж харах нөхцөл бүрдэв.
Уг нь бусад татвартай харьцуулахад хүн амын орлогын албан татварын төсөвт төвлөрүүлэх хэмжээ бага хувийг эзэлдэг. Тодруулбал, энэ татварыг иргэдийн ажиллаж амьдарч буй орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд нийт дүнгээрээ төсвийн орлогын 8.3 хувийг бүрдүүлдэг. Тиймээс нэг хувь болгон бууруулахыг салбарынхан болоод хуульчид дэмжиж байсан. Гэхдээ Засгийн газраас тухайлбал, нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг ХХОАТ-аас бүрдүүлж байгаа учраас их хувиар бууруулах боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн юм. Тиймээс УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн Засгийн газартай хамтран иргэдийн 800 мянган төгрөгийн цалинг татвараас чөлөөлөх шийдлийг гаргав. Ингээд иргэдээс сард 80 мянга, жилд 960 мянган төгрөгийн татварыг хөнгөлөхөөр хуулийн төсөл боловсруулаад байна. Уг хуулийн төслийг одоогоор цахим өргөдлийн системд байршуулан иргэдээс санал авч байгаа. Төсвийн хуультай уялдуулан УИХ-д удахгүй өргөн барихаар зэхэж буй.
Ерөнхий сайд Г.Занданшатар
Иргэдийн сарын 800 мянган төгрөгийн орлогыг хүн амын орлогын албан татвараас 100 хувь чөлөөлнө. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянган төгрөг нь татвараас чөлөөлөгдөж, 700 мянган төгрөгm 10 хувь буюу 70 мянган төгрөгийн татвар төлнө.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгасан эл шийдэл яагаад үр ашиггүй болохыг хэлье. Өмнө хэлсэнчлэн бид одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийг 12 сард хувааж, нэг сард 20 мянга хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа. Харин энэ жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсон. Цаашлаад ойрын хоёр жилд 900 мянгад хүргэх зорилт ч бий. Тэгвэл өмнөхтэй адилаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц буюу 960 мянгыг 12 сард хувааж, нэг сард нь 80 мянган төгрөг татвараас хөнгөлөх шийдвэрийг одоо гаргах гэж байна. 10 мянган төгрөгийн хөнгөлөлт 10 жилийн дараа ямар ч өгөөжгүй болсонтой адил хэдхэн жилийн дараа 80 мянган төгрөг ч ач холбогдолгүй болно. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнө 20 мянган төгрөгөөр 20 кг гурил авдаг байсан бол одоо энэ мөнгө таван кг гурилын үнэд л хүрнэ. Ингэж л монгол төгрөгийн ханш буурч байгаа. Тэгвэл одоо хангалттай мэт санагдах 80 мянган төгрөг хэдхэн жилийн дараа дахиад л үнэгүйдэх нь тодорхой. Нэг өөрчлөөд тэр чигтээ мартдаг, иргэдэд өгөөжтэй шийдвэр гаргах дургүй, төгрөгийн ханш байнга сулардаг манайх шиг улсад шууд тоогоор илэрхийлсэн хөнгөлөлт чөлөөлөлтийг хуульд тусгах нь ирээдүйд үр ашиггүй. Харин татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хувиар бууруулбал ирээдүйд өсөх үнэ цэн, өгөөж нь хадгалагдана. Татварыг байг гэхэд зургаан хувь болгон бууруулахад л хоёр сая төгрөгийн цалинтай иргэнд 80 мянган төгрөг нь үлдэнэ. Цаашид төгрөгийн ханш унасан ч, цалин хөлс нэмэгдсэн ч иргэдэд үр өгөөжтэй байх хувилбар нь энэ. Мөн орлогоос хамаарч, цалингаар хэдэн хүн амьдарч байгааг харгалзан ялгаатай хувь хэмжээ тогтоох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хувиар тогтоох гээд боломж, шийдлүүд байгааг эдийн засагчид ч хэлж байна.
СЭЗИС-ийн ахлах багш Ч.Өнөржаргал
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй татвараас чөлөөлөх орлогоо уялдуулаад татварын хувь хэмжээг заавал 10 хувь биш нэг, хоёр, гурав гэх мэтчилэн хувиар эхлүүлж болно. Тухайн орлогоор хэдэн хүн амьдарч байгааг харгалзсан ялгаатай хувь хэмжээ тогтоож, татварын тооцоог хувь хүнээр биш гэр бүлээрээ хийж болдог болгомоор. Ингэж байж л халамжаас хөдөлмөрт шилжүүлэх реформ болно. Нэг хүний олсон орлогыг бүх төрлөөр жиргэж, зөвхөн цалингийн орлогыг зургаан шатлалтай болгож ажил хийх сонирхлыг бууруулах нь буруу.
Ямартай ч иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийг эргэж харах нь тодорхой болсон. Харин улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж, хэзээ хэлэлцэж, ямар шийдвэр гаргах нь нарийн тодорхойгүй байна. Тиймээс татварын хөнгөлөлтийг бодитой, үр өгөөжтэй болгох шаардлагыг иргэд ч эцсээ хүртэл хэлмээр байна.
Эцэст нь, үр шимийг нь хүртэхгүй татвар, шимтгэлийг төлөх хүсэл сонирхолгүй иргэн олон болж буй энэ үед эерэг хөшүүрэг хэрэгтэй. Гэхдээ хоёр, гуравхан жилийн дараа үнэгүйдэх түр аргацаасан шийдэл бус ирээдүйд ч иргэдэд өгөөжтэй байх өөрчлөлт нэн чухал билээ.