
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэх тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгааг БОУАӨЯ-наас мэдээллээ.
Энэ талаар тус яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Хандармаа мэдээлэл өгчээ.
Тэрээр "Он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүс рүү орсон 10 гаруй тохиолдол Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад бүртгэгдээд байна. Энэ болгон дээр аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдал, орон нутгийн онцгой комисс хамтраад тухайн амьтныг айлгаж, цочоолгүйгээр хөөж үргээх арга хэмжээ авч байгаа.
Баавгай суурьшлын бүс рүү дөхөх шалтгааныг судалж байгаа. Баавгайн анхаарлыг татах зүйл юу байв, тухайн газарт идэш тэжээл болдог ургамал, жимс ургасан эсэх, хулгайн анчид, самар жимс түүж байгаа иргэд олон байгаагаас амьдардаг газраасаа дайжсан уу зэргийг судалж байна" гэв.