
Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаас намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Улмаар даваа гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж түүнийг спиперийн албан тушаалаас чөлөөлсөн бол мягмар гарагт Ерөнхий сайдаар томилсон. Харин УИХ-ын даргыг сонгох, Засгийн газрын гишүүдийг томилох дээр эрх баригч намын дотоод зөрчил дахин хурцдаж төрийн ажлыг олон хоногоор гацаав. Үүнд УИХ-ын дарга намаасаа түдгэлзэх агуулгатай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг шаардсан АН-ын бүлгийн шаардлага ч нөлөөлсөн. Баасан гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн 38 болон 30-аар хуваагдсан талууд Засгийн газрын томилгоон дээр тохиролцож шинэ сайд нарын нэрийг тодрууллаа. Н.Учралын тэргүүлэх танхим 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна. Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийн дагуу Засгийн газрын гишүүдээ томилж, батламжлах үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар хэмнэлтийн горимд бүрэн шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллахын зэрэгцээ эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавихаа хэллээ.
Пүрэв гарагт МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж чуулганд оруулсан ч АН-ын бүлэг хэлэлцүүлгээс завсарлага авсан. Сөрөг хүчний хувьд АН-ын бүлгээс өргөн мэдүүлсэн УИХ-ын дарга нь нам бус байх агуулга бүхий хуулийн төслийг парламент яаралтай горимоор хэлэлцсэн тохиолдолд С.Бямбацогтыг спикерээр сонгохыг дэмжинэ гэсэн болзол тавьсан юм. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр УИХ-ын даргын асуудал гацаанаас гарав. Баасан гарагт УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний ажлаа хийдэггүй, хууль тогтоох ажилдаа хайхрамжгүй хандаж, хурлаа тасалдаг, ёс зүйгүй авирладаг гишүүдийн толгойг илэхгүй гэдгээ ч хэлэв. Мөн гадаад орчин нөхцөлөөс шалтгаалан импортын зарим бараа бүтээгдэхүүн, тэр дундаа шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг хязгаарлахад Улсын Их Хурал, Засгийн газрын хурдтай хамтын ажиллагаа нэн чухал байгааг анхааруулав.
Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны нэгдүгээр улирлын эцсийн гүйцэтгэлээр 7 тэрбум 187 сая ам.долларт хүрч, оны эхнээс 182.5 сая ам.доллароор өсөж, түүхэн дээд түвшинд хүрчээ.
Энэ нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээг хангах дүн юм. Мөн богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
АНУ Израилийн Ираны эсрэг хийж буй дайн эхэлсэн хоёрдугаар сарын 28-наас хойш түүхий нефтийн үнэ 50 гаруй хувиар өссөн бол дэлхийн хэмжээнд онгоцны шатахууны үнэ хоёр дахин нэмэгдэв. Шатахууны үнийн өсөлт дэлхийн агаарын тээврийн салбарт хүчтэй доргилт үүсгэн, авиа компаниуд тийзний үнээ нэмэх, санхүүгийн төлвөө шинэчлэхээс аргагүй байдалд оржээ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар онгоцны шатахууны үнэ баррель тутамд 85–90 ам.доллараас 150–200 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь үйл ажиллагааны зардлын ойролцоогоор дөрөвний нэгийг эзэлдэг агаарын тээврийн салбарт томоохон дарамт болж буй нь ойлгомжтой.
МИАТ компанийн хувьд монголчуудын түгээмэл үйлчлүүлдэг Korean Air, Japan Airline, Qatar Pacific компаниуд түлшний эрсдэлийн хураамжийг ойролцоогоор 2-3 дахин нэмээд байна. Мөн МИАТ компаний үндсэн чиглэл болох Франкфурт Ам Майн Нисэх буудлын түлшний үнэ 2 дугаар сарын дунджаар тонн тутамд 903 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 1821 ам.доллар болон хоёр дахин нэмэгджээ. Үүнээс үүдэн онгоцны түлшний эрсдэлийн(YR) тарифын үнэд өөрчлөлт оруулсан Азийн орны нислэгийн чиглэлд 5-7 хувь, Европын орнуудын чиглэлд 10-11 хувиар үнэ нэмжээ.