
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир "Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болгох шийдвэр гаргасан. Ингэснээр нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 5900 төгрөг болж буй. Энэхүү шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон ч ирэх оны улсын төсвийн төсөлд цалин хөлсийг хуучин хэмжээгээр нь тусгасан, шинэчлээгүй хэвээр байна. Энэ нь гурван талт Үндэсний хорооны хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлээгүй, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн зарчмаас ухарсан үйлдэл.
Иймд Засгийн газар уг шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, 2027 оны улсын төсөвт шаардагдах хөрөнгийг тусган баталгаажуулж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх шаардлагатай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 31.6-д ажил олгогч хамтын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвтөө тусгаж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Иймд УИХ дахь намын бүлгүүд болон Улсын Их Хурлын нийт гишүүд 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсөв, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль тогтоомжийн хэлэлцүүлгийг улс төрийн талцлаас ангид, цаг алдалгүй үргэлжлүүлэхийг шаардаж байна" гэлээ.