
Техранд үнэнч зэвсэгт бүлэглэлүүд Ойрхи Дорнод даяар дахин хүчээ авч эхэлсэн нь АНУ болон Израилтай хийж буй дайнд Ираны нөлөө, хөшүүргийг улам бэхжүүлж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар эдгээр бүлэглэлүүд олон арван жилийн турш Ираны аюулгүй байдлын стратегид чухал үүрэг гүйцэтгэж ирсэн төдийгүй Иран руу шууд халдах оролдлогыг хүчтэй сааруулах хүчин болжээ. Исламын Бүгд Найрамдах Улсын дэмжлэгтэй, Израил болон Өрнөдийн эсрэг чиглэсэн бүс нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн эвсэл болох “Эсэргүүцлийн тэнхлэг” (Axis of Resistance) бүлэглэл нь 2023 онд Хамас Израилд халдсаны дараа Израилийн өргөн хүрээтэй цэргийн хариу ажиллагаа болон түүнээс үүдэлтэй бүс нутгийн үр дагаврын улмаас ихээхэн суларсан.
Чухам энэ эвсэл суларсан тэр үед Израил, АНУ болон Ираны хооронд шууд мөргөлдөөн эхэлсэн. Харин өнөөдөр Техраны холбоот хэд хэдэн зэвсэгт бүлэглэл дахин идэвхжиж, Ираны дайснуудад шинэ фронтууд нээж дарамт үзүүлснээр дайныг улам төвөгтэй болгож, дэлхийн эдийн засгийг боомилох эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Quincy Institute for Responsible Statecraft хүрээлэнгийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Трита Парси CNN-д хэлэхдээ "Эсэргүүцлийн тэнхлэг” хорь гаруй жилийн турш маш үр дүнтэй ажилласан. Энэ нь Иран руу халдлага гарахаас сэргийлэхийн зэрэгцээ тухайн бүлэглэлүүд өөрсдийн нутаг дэвсгэрт нөлөөгөө тэлэх боломжийг олгосон. Харин тэд сулрахад Иран үүнийхээ үнийг төлж, АНУ болон Израилын шууд халдлагад өртсөн" гэжээ.
Парсигийн хэлснээр Иран үүний дараа урд шугамын хамгаалалтын стратегиа орхисонгүй, харин түүнд дахин илүү их хөрөнгө, анхаарал төвлөрүүлэх болсон байна.
Техран 1979 оны Исламын хувьсгалаас төрөн гарсан үзэл санааг хөрш орнууд болон бүс нутгуудад түгээн дэлгэрүүлэх пан-хувьсгалт стратегийг олон жилийн турш баримталж ирсэн. Үүнд Ливан, Йемен, Ирак, Сири болон Газын зурвас багтдаг.
2023 оны Хамасын халдлагын дараа Израил Ираны холбоотнуудын удирдлагыг устгах өргөн хүрээтэй "толгой таслах" ажиллагааг эхлүүлсэн. Үүний хүрээнд аравдугаар сарын 7-ны халдлагын гол зохион байгуулагчдын нэг болох Хамасын удирдагч Яхья Синвар, (Ойрхи Дорнодод асар их нөлөөтэй Хезболла бүлэглэлийн удирдагч Хассан Насралла нарыг устгасан юм.
Израил мөн Ираны дэмжлэгтэй Иракийн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг довтолгоогоо эрчимжүүлж, Йемений Хути босогчидтой харилцан гал солилцсон. Түүнчлэн Техраны өөрийн удирдагчдыг хүртэл онилж, дээд удирдагч Аятолла Али Хаменеиг хөнөөсөн. Ингэснээр Иранд дэглэмийн өөрчлөлт өдөөхийг зорьсон ч өнөөг хүртэл энэ зорилгодоо хүрээгүй байна.
Гурван жилийн дараа, бүрэн хэмжээний дайны дараах нөхцөлд Техраны бүс нутгийн холбоотнууд дахин идэвхтэй болж, шинэ тулааны нөхцөл байдалд зохицон ажиллаж байгаа нь Ираны байр суурийг мэдэгдэхүйц бэхжүүлж байна гэж шинжээчид үзэж байна.
Израилын цэргийн тагнуулын Ираны асуудал хариуцсан хэлтсийн дарга асан Дэнни Цитринович "Эсэргүүцлийн тэнхлэг амьд хэвээр байна. Энэ эвсэл устаж үгүй болоогүй, харин өөрчлөгдөж байна" хэмээн CNN-д ярьжээ.
Нийтлэг ашиг сонирхол
Хэдийгээр эдгээр холбоотнууд дахин Техраны ашиг сонирхолд үйлчилж эхэлсэн ч өөрсдийн улс төрийн зорилго, ашиг сонирхлыг мөн хадгалсаар байгаа юм.
Женевийн Аюулгүй байдлын бодлогын төв, Швейцар дахь Ойрхи Дорнодын хүрээлэнгийн судлаач Али Ахмади CNN-д "Эдгээр бүлэглэлүүдийг хэвлэл мэдээлэл нийтээрээ 'төлөөлөгч хүч' гэж нэрлэдэг ч Ирантай тэдний харилцаа үүнээс хавьгүй илүү төвөгтэй бөгөөд олон талтай" гэжээ. Тэрээр цаашид "Эдгээр бүлэглэл тус бүр өөрийн гэсэн онцлог, ашиг сонирхолтой. Гэхдээ үзэл суртал болон геополитикийн хувьд маш гүнзгий нийтлэг ашиг сонирхлоороо Ирантай салшгүй холбогдсон байдаг” гэж тайлбарлав.
Йеменд шинэ фронт нээгдэв
Сүүлийн өдрүүдэд Йемений Хути босогчид Ираны дайны өөр нэг фронтыг нээж, АНУ-ын гол холбоотон болох Саудын Арабтай сөргөлдөж эхэлжээ.
Энэ сарын эхээр тус бүлэглэл Саудын Арабыг Йемений нийслэл Сана хотын нисэх буудлыг бөмбөгдөж, Иранд болсон Аятолла Али Хаменеигийн оршуулгын ёслолоос буцаж ирж байсан өндөр түвшний Хути төлөөлөгчдийг тээвэрлэж явсан онгоцыг газардуулахгүй байхаар оролдсон гэж буруутгасан юм. Харин Саудын Арабын дэмжлэгтэй Йемений Засгийн газар уг цохилтыг өөрийн хүчнийхэн үйлдсэн гэж мэдэгджээ.
Энэ нислэг нь 2015 онд Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемений иргэний дайнд оролцсоноос хойш анх удаа Сана болон Техраны хооронд шууд нислэгийг сэргээж, олон жилийн агаарын хязгаарлалтыг цуцлах оролдлого байсан юм.
Амралтын өдрүүдээр Хутичууд Улаан тэнгисийн эрэг дэх Саудын Арабын газрын тос боловсруулах хоёр цогцолбор руу пуужин харвав.
Хиймэл дагуулын зураг болон газарзүйн байршлыг баталгаажуулсан дүрс бичлэгээс харахад Йементэй хил залгаа Жазан дахь байгууламжуудын нэг их хэмжээний хохирол амссан бололтой.
Эдгээр пуужингийн довтолгооноос өмнө Хутичууд Баб-эль-Мандабын хоолойгоор дамжин өнгөрөх Саудын Арабын усан тээвэрт бүслэлт зарласнаа мэдэгдэж, Улаан тэнгист Саудын Арабын хоёр нефть тээвэрлэгч танкер руу халдсан юм.
Вашингтон дахь Ойрхи Дорнод судлалын хүрээлэнгийн шинжээч Надва Аль-Даусари, Арман Махмудиан нар даваа гарагт нийтэлсэн өгүүлэлдээ үүнийг "Эсэргүүцлийн тэнхлэг сөргөлдөөний үеийг ололтоо баталгаажуулах, газар дээрх нөхцөл байдлыг өөрчлөх, Ираны бүс нутгийн нөлөөг нэмэгдүүлэх боломж болгон ашиглаж байгааг улам уялдаа холбоотойгоор харуулсан хэрэг" хэмээн дүгнэжээ.
Ираны хувьд Хутичуудын нөлөө дахин сэргэж, харин босогчдын хувьд Саудын Арабын олон жил хаасан агаарын замыг дахин нээх алтан боломж бүрджээ.
Хоёр талд ашигтай зохицуулалт
Хезболлад үнэнч байгаагаа харуулахын тулд Иран АНУ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт Израил өмнөд Ливанд явуулж буй довтолгоогоо зогсоохыг гол нөхцлийн нэг болгосон.
Парси үүнийг "Эдгээр бүлэглэлүүд хэзээ ч бүрэн устгагдаагүй. Ялангуяа Хезболла Израилын таамаглаж байснаас хавьгүй хурдан сэргэж чадсан” хэмээн тайлбарлажээ.
Амралтын өдрүүдээр Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи Хезболлагийн удирдагч Наим Кассемд илгээсэн захидалдаа Хезболлаг үргэлжлүүлэн дэмжихээ амласан аж.
Тэрээр Хезболлаг Израилын эсрэг Ираны эсэргүүцлийн тэргүүн эгнээнд байгаа хүчин хэмээн тодорхойлж, тус бүлэглэлийг хамгаалах нь Исламын Бүгд Найрамдах Улсын стратегийн үндсэн бодлогуудын нэг хэвээр байгааг онцолсон байна.
Цитринович хэлэхдээ Ираны холбоотнууд шинэ нөхцөл байдалд дасан зохицож байгаа "Эсэргүүцлийн тэнхлэг хаашаа ч алга болохгүй" хэмээн дүгнэжээ.