
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадамд 56 орны Үндэсний паралимпын хорооны 612 тамирчин спортын 6 төрлөөр 79 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас гүйлтийн цанын хоёр, уулын цанын нэг тамирчин оролцон. Манай тамирчдын тэмцээн ирэх долоо хоногт гүйлтийн цанын төрлөөр эхэлнэ.
Пара гүйлтийн цанын LW6 ангилалд өрсөлдөх Б.Ганболд 10 км, 20 км, спринт уралдаанд уралдана. Мөн LW8 ангилалд Ц.Дашдорж мөн дээрх гурван зайд уралдаантай. Харин уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг LW6/8-1 ангилалд өрсөлдөнө. Тэрээр багийн тугчаар сонгогдсон ба пара уулын цанын жайнт слалом, слалом гэсэн хоёр төрөлд уралдана.
Монголын багаас Б.Ганболд дөрөв дэх удаагаа Паралимпын наадамд өрсөлдөх бол бусад хоёр цаначин хоёр дахь удаагаа оролцож байна.
Италийн Верона хотод болох нээлтийн арга хэмжээ Улаанбаатарын цагаар шөнө дунд эхэлнэ.
Сальвадор, Гаити, Черногори, Умард Македон, Португал улсууд анх удаа паралимпын өвлийн наадамд оролцох бол улс төрийн шалтгаанаар найман улс нээлтийн ёслолыг бойкотлохоо зарласан. Паралимпт Орос, Беларусийн тамирчид оролцож байгааг эсэргүүцэн Их Британи, Чех, Эстони, Финланд, Латви, Литва, Польш, Украин улсууд тамирчдаа илгээхээс татгалзсан юм.

