Зарим тохиолдолд ажлын цагийг наймаас 13 цаг хүртэл уртасгахыг зөвшөөрсөн заалттай уг хуулийн төслийг Грекийн иргэд эсэргүүцэн, ажил хаялт явагдаж буй ч парламент баталлаа. 

Шинэ хуулиар жилийн илүү цагийн дээд хэмжээг 150 цаг болгон тогтоосон. Харин долоо хоногт 40 цаг ажилладаг стандарт  хэвээр үлдэнэ. Засгийн газар тайлбарлахдаа энэ нь зөвхөн хувийн хэвшилд хамаарах бөгөөд жилдээ дээд тал нь 37 хоногт л хэрэгжих боломжтой гэжээ.

Энэхүү хуулийг эрх баригч баруун төвийн Шинэ Ардчилал намын гишүүд дэмжиж, гол сөрөг хүчний зүүн төвийн ПАСОК нам эсэргүүцсэн санал өгчээ. Харин Сириза нам санал хураалтаас татгалзсан байна.

Хөдөлмөрийн хуулийг эсэргүүцсэн үйлдвэрчний эвлэлүүд энэ сард хоёр удаа улс даяар ажил хаялт зохион байгуулж, нийтийн тээвэр болон төрийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааг зогсоосон юм. 

Хөдөлмөрийн сайд Ники Керамеус хууль орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн бодит байдалтай нийцэж байгаа хэмээгээл сөрөг хүчнийг олон нийтийг төөрөгдүүлж байна хэмээн буруутгасан байна.

Шинэ хуулиар ажилчид ижил ажил олгогч дээр нэмэлт цагийн ажил хийхийг сонгож болох ба үүнд 40 хувиар илүү цалин авах юм. Мөн илүү цагийн ажлаас татгалзсан ажилчдыг халахыг хориглоно.

Засгийн газар энэ нь Европын Холбооны ажлын цагийн дүрэмтэй нийцэж байгаа гэж мэдэгдсэн. Уг дүрэм нь дунджаар долоо хоногт 48 цагаас илүүгүй ажиллахыг зөвшөөрдөг ч, 12 сарын хугацаанд уян хатан байх боломжийг олгох юм.

Албаныхны хэлснээр, энэхүү хууль нь ажилчдад хагас цагийн олон ажил эрхлэхийн оронд нэг ажил олгогч дээр урт цагаар ажиллах боломж олгож байгаа бөгөөд оролцоо нь сайн дурын үндсэн дээр байх болно хэмээлээ.

Гэвч сөрөг хүчний намууд энэхүү хуулийг ажилчдын эрхийг доройтуулж, хөдөлмөрийн харилцааг дундад зууны үе рүү буцааж байна хэмээн шүүмжилж буй. Тэдний хэлснээр, Грекийн ажилчид аль хэдийн Европын бусад улсуудынхаас илүү удаан ажилладаг мөртлөө бага цалин авч, амьжиргаагаа залгуулахад бэрх байдаг аж. 

2024 онд Грек эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор зарим салбарт  ажлын зургаан өдөртэй долоо хоногийг нэвтрүүлсэн. Энэхүү хууль долоодугаар сарын эхнээс хүчин төгөлдөр болж, ажилчид долоо хоногт 40 цагийн оронд 48 цаг ажиллах боломжтой болсон юм.

2024 оны мэдээгээр Европын Холбоонд хамгийн урт ажлын долоо хоногтой орнууд бол Грек (39.8 цаг), Болгар (39.0), Польш (38.9), Румын (38.8). Харин хамгийн богино ажлын долоо хоног Нидерландад (32.1) байжээ.

2025 оны нэгдүгээр сарын байдлаар Грекийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 968 евро байгаа нь Европын Холбооны орнуудын доод түвшин юм. 

Ажилгүйдлийн түвшин санхүүгийн хямралын үеэр 28 хувьд хүрч байсан бол одоо 8.1 хувь болж буурчээ. 

Грек улс 2018 онд өрийн хямралаас гарсан ч, цалин болон амьжиргааны түвшин доогуур хэвээр байна.

Б.Оюунхорол