
Ахмад настны тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг ирэх онд хэрхэн нэмэгдүүлэх талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.
Тэрээр "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг Засгийн газраас шинэчлэн тогтоосон. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан, 16 наснаас дээш хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг 397 мянга 500 төгрөг байгааг 80 мянга 500 төгрөгөөр нэмэгдүүлж, 478 мянган төгрөг болгож байна.
Ахмад настан, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон, 45 насанд хүрсэн эх, 50 нас хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 34 мянга 500 төгрөгөөр нэмэгдүүллээ.
Асаргааны тэтгэмжийн хэмжээг 27500 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 39000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр, бүрэн тэтгэвэр авагчийн тэтгэврийг доод хэмжээг 769 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 652 мянга 400 төгрөгөөр тус, тус шинэчлэн тогтоосон. Улмаар бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн" гэв.