Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээгээ өнөөдөр эхлүүлэх гэж байна. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах замаар зээлээ бууруулах боломжтой ч энэ боломжоо ашиглахгүй байсаар өнөөг хүрсэн. Манай Засгийн газар энэ төслийн өөрт ногдох хувийн санхүүжилтийг зээлээр санхүүжүүлж байгаа. Жилээс жил ирэх тусам энэ зээлийн хэмжээ өсөж буй. Гэрээний дагуу долоо жил тутамд Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж зээлийн хүүнд өөрчлөлт оруулах боломжтой. Хэлэлцээ хийх боломжтой долоон жилийн цикль нь энэ онд таарч байгаа юм. Энэхүү боломжоо ашиглаж хэлэлцээ хийхээр сарын өмнө шийдсэн боловч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан эхлүүлж амжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт 14 хоногийн өмнө "Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрээ шуурхайлж, ширээний ард суух тохиролцоонд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд дотоодын улс төрийн зөрчил тэмцэл дандаа Оюутолгойн хөрөнгө оруулагч нарт ашигтай тусаж ирсэн гашуун түүхийг давтаж болохгүй. Ирэх (энэ) долоо хоногт эхлэх хэлэлцээрээр Оюутолгой төслийн зээлийн хүүг бууруулах, Монголын тал баялгийн өгөөжөө ахиу хүртэж ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах тал дээр монгол гэдэг нэг нийтлэг эрх ашгаа тугаа болгож ажиллана. “Рио Тинто”-гийн хувьд ч Оюутолгойг тойрсон хувь нийлүүлэгчдийн хэд хэдэн асуудал шийдлээ ололгүй сунжирсаар байгааг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хэлэлцээний бүхий л үйл явц, үр дүнг ард иргэддээ ил тод ярьж, мэдээлж явах болно" хэмээн мэдэгдэж байсан юм. Үүнийхээ дагуу хэлэлцээрийг өнөөдөр эхлүүлж байгаа тухай хэвлэлд мэдээлэл өгчээ.
Тэрээр "Оюутолгойд өнөөдрийн байдлаар нийт 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүний дөрвөн тэрбум ам.долларыг нь хувьцаа эзэмших байдлаар оруулсан. Үлдсэн нь зээл. Энэ зээлийн хүү хэт өндөр байгаа. Жилийн 11 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн хүүг бууруулж чадвал Монгол Улсад ногдох үг өгөөж нь нэмэгдэнэ. Тиймээс зээлийн хүүг 6-7 хувьд хүргэж бууруулах бодлого чиглэлийг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг баримталж ажиллана.
Мөн менежментын төлбөрийг үйл ажиллагааны зардал дээрээс авч байгаа. Энэ нь буруу тогтолцоо. Анх гэрээ байгуулахдаа Монголын тал Оюутолгойгоос 53 хувийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр 26-27 орчим хувийн л өгөөж хүртэж байна. Тэгвэл Монголын талын хүртэх өгөөжийг гэрээнд заасан хэмжээнд хүргэхийн тулд хэт өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулах, төслийн зардлаас менежментийн төлбөр тооцдог байдлыг халах цаг болсон. Оюутолгойн гэрээг сайжруулах энэ хэлэлцээрт УИХ Засгийн газар байдаг хүчээ нэгтгэж, нэг зүгт харж байж Монгол Улсынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалж, иргэддээ ирэх баялгийн өгөөжийг нэмэгдүүлж чадна. Оюутолгой бол хэн нэг улстөрчийн попорч тодрох сэдэв биш. Харин бодитой үр дүн гаргаж гэрээгээ сайжруулж өгөөжийг нь нэмэгдүүлэх ард түмнээс төрд өгсөн даалгавар юм" гэлээ.



