
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд олгох уу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж Оюутолгойн ногдол ашгийн талаар байр сууриа илэрхийллээ. Ингэснээр ҮАБЗ-ийн гишүүд Оюутолгойн ногдол ашгийн талаар бүгд өөр өөрийн байр сууриа илэрхийлээд байна. Хамгийн сонирхолтой нь ногдол ашгийг иргэдэд шууд олгох эсэх дээр төрийн гурван өндөрлөг санал зөрж эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Иргэдэд шууд өгөх хэрэгтэй" гэсэн бол Ерөнхий сайд "Ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна" гэсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал гэж бодож байна. Мөнгийг дансанд хэзээ, яаж хийх талаар Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд дүрэм журмаа боловсруулаад ажиллах хэрэгтэй. Гурван их наядаас орж ирсэн тухай бүрд нь иргэдийнхээ дансанд шилжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт: 2037 оноос ногдол ашиг хүртэхээр байсан бол нааш нь татаж чадсан нь Засгийн газрын хийсэн ажлын сайн үр дүн юм. Мэдээж УИХ-ын гишүүд идэвхтэй оролцсон. Засгийн газар гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөж тооцсон. Эрчим хүчний дутагдал манай улсад байна. Өвөл халаалттай, тог цахилгаантай байх уу гэдэг маш том тулгамдсан асуудал болж байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Бид ногдол ашгийг 10 жилээр наашлуулж авахаар тохиролцоонд хүрсэн. Нэг ёсондоо хэлэлцээр хийж, ногдол ашиг авахаар тохиролцоод УИХ-аар албажуулахаар явж байтал гишүүдээс 235 санал гаргасан байгаа нь Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байна. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хуулийн төслийг татан авсан. Ингэснээр ногдол ашиг авах асуудал орхигдож байна гэсэн үг биш. Ногдол ашиг авахаа харилцан тохиролцсон. Одоо бид тоон дээрээ эцэслэж тохиролцоод орж ирсэн ногдол ашгийг хуваарийн дагуу Хуримтлалын санд хийж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулна.
Харин Сангийн сайд З.Мэндсайхан "Эхлээд ногдол ашгаа авч ирэх нь чухал. Ерөнхийлөгч өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар хуримтлалын санд хадгалах байр сууриндаа байгаа. Хэрэв бэлнээр иргэдэд олговол инфляц хамгийн багадаа 2-3 хувиар өсөж иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй гэсэн байр суурьтай байгаа" гэв.
Тэгвэл иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох нийтийн өргөдөл санаачилж, улмаар 100.094 иргэний санал авсан тул дээрх өргөдлийг УИХ-ын Эдийн засаг, Өргөдлийн байнгын хороонд шилжүүллээ.
2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгаанаар хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг 4 болтол бууруулсан нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдоход хүргэсэн. Долоо хоногийн сүүлээр Оюутолгой ХХК-иас зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орсныг мэдэгдэв.
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо макро зохистой бодлогын хүрээнд дараах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд ӨОХ-ны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулна. Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна. Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна.
Банкнууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боловч цалин, малчны зээл, автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий хэрэглээний зээлийн хувьд бүтцийн өөрчлөлтөд мөн үйлчилдэг тул санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан эдгээр хязгаарлалтыг журмын бүтцийн өөрчлөлтийн зохицуулалттай нийцүүлж байна.
2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдийн зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгаа тул өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын 43 иргэн хар тамхины хэргээр гадаадад ял эдэлж байна
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудоржийн өгсөн мэдээллээр оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 455 гэмт хэргийг илрүүлж, 518 хүнийг холбогдуулан шалгажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн тоо 2.1 дахин, холбогдогчдын тоо 1.8 дахин өссөн үзүүлэлт юм. Мөн нийт 15 төрлийн 134,825 хүн нэг удаагийн хэрэглэх хэмжээний бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн зах зээлийг таслан зогсоосон байна. Түүнчлэн гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан 20 этгээдийг тухайн улсад нь баривчлуулсан. Одоогийн байдлаар гадаад улсад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байна.