Европын Холбоо - Монгол Улсын Бизнес, Хөрөнгө оруулалтын анхдугаар форум Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж, хоёр талын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал боллоо. Тус форум нь Европын Холбоо ба Монгол Улсын бизнес, хувийн хэвшлийн байгууллагуудыг холбох, тогтвортой эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлэх, урт хугацааны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, боломжуудыг дэмжихэд чиглэсэн юм. Арга хэмжээнд Европын Зөвлөл, Европын Хөрөнгө оруулалтын банк, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд болон Европын Холбооны 70 гаруй компани, тэргүүлэх салбарын холбоод, Монголын 200 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш, арилжааны банк зэрэг нийт 700 гаруй зочид, төлөөлөгч оролцов.
Европын Холбоо “Global Gateway” санаачилга болон “Team Europe” бодлогын хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өрнүүлж, тогтвортой, хүртээмжтэй дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Европын Холбоо нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд Тарифын хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Европын зах зээлд хөнгөлөлттэй нэвтрэх боломж олгож, ардчиллын болон эдийн засгийн шинэчлэлийг тууштай дэмжсээр ирсэн.
2021-2027 онд Монгол Улс болон Европын холбооны дунд хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил, ус ба хог хаягдлын менежмент, ойн түншлэл зэрэг чиглэлээр үзүүлж буй Европын Холбооны дэмжлэг нь “Алсын хараа–2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй нягт уялдаж байна. “Global Gateway” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт нь дижитал шилжилтийг хурдасгах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх замаар хоёр талын хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй болгож, эдийн засгийн бодит өсөлт, нийгэм, байгаль орчны үр ашиг, түүнчлэн Монгол, Европын бизнесүүдэд шинэ боломжуудыг нээхэд хувь нэмэр оруулж байна.

Энэхүү хамтын ажиллагаан дээр суурилж буй Европын Холбоо - Монгол Улсын Бизнес, Хөрөнгө оруулалтын анхдугаар форумын нээлтэд хоёр талын өндөр түвшний албан тушаалтнууд оролцож, улмаар Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж, бизнесийн орчны талаарх нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлгийг өрнүүллээ. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, худалдааны танхимууд болон тэргүүлэгч компаниудын төлөөлөл эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадвар, тогтвортой өсөлтийг дэмжих нэгдмэл зорилготой байгаагаа бататган илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар форумыг нээж үг хэлэхдээ: “Монгол Улсын Засгийн газар аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байна. Европын бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт технологи, инновац, хөрөнгө оруулалт нь бидний энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид гүнээ итгэж байна. Монгол Улс Европын Холбооны итгэлтэй, найдвартай, урт хугацааны түнш хэвээр байж хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, тогтвортой бөгөөд тодорхой орчинг бүрдүүлсэн бодлого, шинэчлэлүүдийг тууштай хэрэгжүүлэхэд бид бэлэн байна.” хэмээн онцлон тэмдэглэв.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус форумын үеэр сэргээгдэх эрчим хүч ба ногоон технологи, эрүүл мэнд, нэхмэл болон хувцас үйлдвэрлэл, уул уурхай ба газрын ховор элемент, дэд бүтэц, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг тэргүүлэх салбаруудыг хамарсан салбар хэлэлцүүлгүүд өрнөв. Форумын үеэр Монголын гарааны бизнес эрхлэгчид шинэлэг санаа, шийдлээ танилцуулах тэмцээнд оролцож, Европын компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, технологийн дэвшлүүдээ танилцууллаа. Мөн форумын хүрээнд зохион байгуулагдсан бизнесийн түншүүдийн ганцаарчилсан уулзалт, хэлэлцээрүүд нь шинэ хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодит түншлэлийг эхлүүлэх суурийг тавьсан чухал алхам боллоо.
Форумын онцлох мөчүүдийн нэг нь Европын Хөрөнгө оруулалтын банк нь Монгол улсын засгийн газартай хамтран Монгол улсын ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн дэвшилтэт эрчим хүчний сүлжээ, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл болон бусад төсөлд нийт 1 тэрбум евро хүртэлх санхүүжилтийг олгох санамж бичгийг үзэглэлээ. Монгол улсын ард иргэд болоод бизнесийн байгууллагуудыг хямд үнэтэй, цэвэр, найдвартай эрчим хүчээр хангах энэхүү түншлэл нь Европын Комиссын бүрэн дэмжлэгтэй хэрэгжих бөгөөд цаашдаа томоохон, шинэ хөрөнгө оруулалтуудыг татах чухал ач холбогдолтой юм.

Санамж бичигт гарын үсэг зурсан Европын Хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч хатагтай Тереза Червинска хэлэхдээ:“Монгол Улстай хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байгаадаа би туйлын баяртай байна. Европын Холбооны ‘Global Gateway’ санаачилгын хүрээнд Европын Хөрөнгө оруулалтын банк нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүч болон тогтвортой дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхийг зорьж байна. Бид хамтдаа Монгол Улсын ногоон шилжилтийг хурдасган, шинэ боломжуудыг нээж, хүртээмжтэй өсөлтийг дэмжин, иргэдэд ээлтэй, тогтвортой, ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулах болно.”

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ина Марчюлёните форумын хаалтын үгэндээ хэлэхдээ: “Европ, Монголын бизнесийн байгууллагууд хамтран ажиллах үед ямар өргөн боломжууд нээгддэгийг энэхүү форум тод харууллаа. Сэргээгдэх эрчим хүчний салбараас эхлэн эрүүл мэнд, дэд бүтцээс газрын ховор элементийн салбар хүртэл олон салбарын хооронд бид хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжуудыг тодорхойлж ажиллаа. Тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтөд хөтлөх замд Европын Холбоо Монгол Улстай мөр зэрэгцэн зогсож, улмаар итгэлцлийг бэхжүүлж, инновацыг дэмжиж, харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг цогцлоон бүтээж байгаадаа бид бахархаж байна ”.
Global Gateway санаачилгын тухай
Global Gateway нь хүн, байгальд ээлтэй тогтвортой, найдвартай харилцаа холбоог эрхэмлэдэг. Энэхүү санаачилга нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг дэлхий нийтийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.
Европын Холбооны тухай
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.