Нараа дагавал даарахгүй гэж монголчууд ярьдаг. Гэтэл энэ хэлц намаа дагавал алзахгүй болтлоо өөрчлөгдсөн. Үнэхээр нам дагасан нь азаа үзэж бизнес хийснээс илүү амьжиргаанд хүрснийг нүдээр үзэгсэд тэднийг “намчид” гэх болсон. Намчдын олонх нь намын байгууллагаар дамжиж төрд, төрийн өмчит компанид, улс төрд ойрхон байж л амьдралаа залгуулж байгаа. Тэдний улс төрийн үзэл бодол, сонголт, итгэл үнэмшлийг хүндлэх ч төрийн дээр нам зайдагнасан жилүүд он удаан үргэлжилсэн, цаашид ч оршин тогтнох байдалтай байна. Энэ намуудын цуглуулсан хөрөнгө, орлого мэдээллийг харахад цөөн хэдхэн нам л толгой цохиж байна. Бусад нь бараг хөрөнгөгүй. Жижиг намууд гэж нэрлэгдэх энэ бүлэгт гэр бүлийн, нэг хүний, гар дамжсан, сонгуулиар л идэвхждэг олон нам бий. Тэд төлөвшиж, институти болж улс төрийн өрсөлдөөнд орох хүртэл ямар их хичээл зүтгэл шаардлагатайг том, жижиг намуудын хөрөнгийн ялгаанаас ч харж болохоор байна.
Парламентад олон суудалтай, засаг төр ээлжлэн барьсан намууд бяр суужээ. Гэхдээ одоогийн эрх баригч улс төрийн хүчин МАН хөрөнгө, орлогын харьцаагаар бүх намаа тэр хол орхисон байна. Энэ нам хамгийн олон гишүүнтэй. Гэхдээ тэд үнэхээр улс төрийн үзэл баримтлалыг дэмжиж, гишүүний батлах атгаж байна уу. Удаан түүхэндээ хураасан хөрөнгө, бяр чадал, барилга байгууламж, машин унаа, улс төрийн нөлөөгөөр соронздоод байна уу гэж харвал энэ өрсөлдөөнд МАН “тасарчээ”.
28 НАМ 34.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
СЕХ хороо улс төрийн намын 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нэгтгэж ил болгосон. Тайлан ирүүлсэн намуудаас 13 нь санхүүгийн үйл ажиллагаа явуулаагүй Х тайлан ирүүлсэн бол намуудын хөрөнгө, өр, авлага бүх үзүүлэлтээр МАН хол тэргүүлжээ. Харин гишүүний татвар, сонгуульт гишүүний татвараас төвлөрүүлэх орлогоор АН, мөнгөн хандивын дүнгээр ХҮН нам толгой цохив.
2024 онд үйл ажиллагаа явуулсан 15 намаас Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас бусад нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, мэдээллээ ирүүлжээ. Тайлан ирүүлсэн намуудаас 9 нь сонгуулийн зардлын тайланг санхүүгийн тайландаа тусгаж, 6 нь тайландаа тусгаагүй байна. Нийт дүнг нэгтгэж харвал эдгээр нам сонгуулиар 13.9 тэрбум төгрөгийг орлого олж, 14.2 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Санхүүгийн тайлан ирүүлсэн 28 нам оны эцсийн дүнгээр 34.1 тэрбум төгрөгийн 11 төрлийн хөрөнгө бүртгүүлжээ.
Мэдээллийн ил тод байдлын хувьд нийт 37 намаас 11 нь цахим хуудас ч бүртгүүлээгүй бол 22 нам үйл ажиллагааны тайландаа намын гишүүдийнхээ тоог ирүүлснийг нэгтгэж үзвэл 610.5 мянган хүн намын гишүүнчлэлтэй байна.
НАМЫН ХӨРӨНГӨ
Намуудын хөрөнгийг харвал МАН 32.7 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хамгийн бэлтэй нам гэдэг нь харагдаж байна. Энэ дүн дотор барилга байгууламж 27 тэрбум гэжээ. Үүнд орон нутгийн болон дүүрэг хороодын намын байруудыг нэгтгэсэн гэж үзвэл өнгөрөгч 100 жилд МАН маргаангүй их хөрөнгө цуглуулж. Харин тэдний араас АН нэг тэрбум, ХҮН нам 113.7 сая, Сайн иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, Шинэ нам 23.8 сая, ИХ нам 20 сая, ИЗНН 17 сая, Ногоон нам 16 сая, Либериал ардчилсан нам 15 сая, Үндэсний ардчилсан нам 12.6 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.
Намуудын хөрөнгийг нэгтгэж үзэхдээ бэлэн мөнгөний үлдэгдэл, авлага, эргэлтийн хөрөнгө, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, тавилга компьютер тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийн бүх дүнг нэгтгэсэн байна. Энд эрх баригч улс төрийн хүчин МАН бүх дүнгээр илүүрхсэн. Тайлан ирүүлсэн 28 намаас ганцхан МАН нийт намын байрууд барилга байгууламжуудаа 27 тэрбумаар мэдүүлсэн нь бусад бүх намын хөрөнгөөс хэд давсан дүн юм. МАН-ын зөвхөн тээврийн хэрэгсэл 1.2 тэрбумаар үнэлэгдэж байгаа нь АН-ын бүх хөрөнгө үүнээс 270 саяар бага байна. МАН-д бүртгэлтэй тээврийн хэрэгслийн нийт дүн нь бүх намын хөрөнгөтэй дүйнэ. Харин хамгийн бага хөрөнгөтэй гэж мэдүүлсэн намуудыг харвал Эх орон нам 329 мянга, Бүгд найрамдах нам 100 мянга, Монголын ардчилсан хөдөлгөөний нам 10 мянган төгрөгийн хөрөнгөтэй гэж тайлагнажээ.
28 намын санхүүгийн тайланд 973.5 тэрбум төгрөгийн авлага, урьдчилж төлсөн зардал байгаа бол богино болон урт хугацааны өр төлбөр нийт 4.3 тэрбум төгрөг байна. Жагсааж харвал МАН 2.7 тэрбум, АН 500 сая, ИЗНН 326 сая, Их нам 388 сая, ХҮН нам 266 сая, Шинэ нам 63 сая төгрөгийн өр төлбөртэй байна. Намынхаа бүх хөрөнгөөс ч хэд дахин давсан өрийг зарим нам сонгуулиар тавьжээ гэдгийг эндээс харж болно. Намуудын өр төлбөрт богино болон урт хугацааны өр төлбөр, татвар НДШ-ийн өр төлбөрийг хамруулсан. Харин авлагын хувьд намууд нийт 907 сая төгрөгийн авлагатай, үүний 880 сая нь МАН-ын авлага бол 25 сая нь АН-ынх байна.
НАМЫН ОРЛОГО
2024 онд 15 нам нийт 19.5 тэрбум төгрөгийн орлого олжээ. Үүний 8.6 тэрбум нь МАН-ын орлого бол 6.1 тэрбум нь АН, гурван тэрбум нь ХҮН намынх. Энэ дотор МАН гишүүний татвараар 402 сая, сонгуульт гишүүний татвараар 1.9 тэрбум, намын өөрийн хөрөнгө түүнээс олсон орлого 4.6 тэрбум төгрөг бол АН гишүүдийн татвараас 1.9 тэрбум, сонгуульт гишүүний татвараасаа 3.5 тэрбум, мөнгөн хандиваар 207 сая төгрөгийн орлого олжээ. Харин ХҮН нам гишүүний татвараас 8 сая, сонгуульт гишүүний татвараас 50 сая, мөнгөн хандиваар 983 сая төгрөгийн орлого олсон гэжээ. Харин энэ намын сонгуулийн мөнгөн хандив 1.9 тэрбум болжээ.
Ард түмний олонхын засаглал нам, Монголын үндэсний ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намууд 100 хувь гишүүний татвараар орлогоо бүрдүүлсэн бол ХҮН нам, ИХ нам, Үнэн ба зөв нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөний эвсэл нам, Иргэний оролцооны нэгдэл намуудын нийт орлогын 90-100 хувийг хандив эзэлж байна. Харин намын өөрийн хөрөнгө, түүнээс орлого олж байгаа хоёрхон нам байна. Энэ нь ИЗНН-ын 2024 оны орлогын 3 хувийг бүрдүүлж байгаа бол, МАН өөрийн хөрөнгө түүнээс олсон орлого нь 2024 оны нийт орлогынх нь 54 хувийг бүрдүүлжээ.
ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Намуудын орлогын задаргаа дотор төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг бий. Тухайлбал 2024 онд энэ дэмжлэг МАН-д 1.5 тэрбум, АН-д 442.9 сая, ХҮН намд 5 сая, Шинэ намд 23 сая байжээ. Үүнийг хувилж үзвэл МАН-д 2024 онд төрөөс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг тус намын тухайн оны нийт орлогын 18 хувийг эзэлж байгаа бол АН-ынх 7 хувь, ХҮН намын 0.2 хувь, Шинэ намын нийт орлогын 12 хувийг бүрдүүлсан.
2025 оны хувьд намуудад олгох төрийн санхүүжилт нэмэгдэнэ. Сарын өмнө энэ хэмжээг СЕХ тогтоосон. Энд 2024 оны УИХ-ын сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон бөгөөд энэ тогтоолын дагуу 2025 онд нийт 7 намд 6.9 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт олгоно. Үүний 64.5 сая нь 4 жилд нэг удаа олгох хуулийн заалттай санхүүжилт байна. Нийт санхүүжилтээр нь аваад үзвэл 2025 онд төрөөс МАН-д 2.8 тэрбум, АН-д 2.1 тэрбум, ХҮН намд 993.6 сая, ИЗНН-д 455.4 сая, Үндэсний эвсэлд 200.4 сая, Шинэ нэгдсэн эвсэлд 312.4 сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна.
"Үндэсний ТОЙМ" сэтгүүл
С.ЭРДЭНЭБАЯР