
Нийгмээрээ урагшилж байна уу, ухарч явна уу гэдгээс эхэлье. Ихэнх хүн ухарч буй, эсвээс хөгжиж чадалгүй, хөнжил дотроо тийрэлцээд таг гацчихсан гэж хариулах вий.
Адаглаад асуудлуудаа эхнээс арилгаж чадахгүй байгааг юүхэв. Утаатай зууралдаж, түгжрэлтэй тэмцсэн Улаанбаатарын түүх дээр шатахууны асуудал нэмэгдэж шат ахисан юмгүй дахин нэг хуудас дэвтэрлэгдэж байна. Түгжрэл гэдэг маань үнэндээ л таг гацсан хөгжлийн төрх ч юм уу даа.
Утааны улирал ойртож, хүйтний ам наашлахын сацуу хотын түгжрэл улам ихэсдэг. Түгжрэлийн шалтгаан нь том автобус, жолооч нар ч гэж ярих хүмүүс их. Үнэндээ бид зам дээр, ихэнх нь автобус дотор амьдарч сурч байгаа. Автобус гэж сайхан унаа байна хэмээх хошин хэлц үеэ өнгөрөөсөн гэхэд болно.
Үүрийн цагтай уралдаж сэрүүт цаг агаар хардаг байсан дийлэнх хүмүүс өдгөө “Ub Smart Bus” апликэйшнээ шалгаж автобус хаана явааг харна. Буудал дөхөнгүүт бушуухан хувцаслаад гарч очвол автобусны хаалга цоожтой, жолооч нь “хөдлөх болоогүй” гэж хариулна. Түгжрэлээ тооцож эрт гарсан ч ажилдаа хэрхэн амжиж очихыг ийнхүү жолооч шийднэ. За тэгээд, брэндийн цүнх сугавчилж, ганган үслэг хүрэм нөмөрсөн эгч нар бухимдаж, “ажлын цаг эхлэх гээд байхад, утсаа ухаад амарч байх” юм хэмээн буудал дээрх сөргөлдөөнөөс энэ өдрийн амьдрал эхэлнэ. Суудал олж авахын тулд том балчир, хөгшин залуугүй хаалга өөд чихэлдэнэ. Дараалал хамаагүй, даруйхан орж суудал авах нь чухал. Таяг тулсан настан байна уу, хүүхдээ тэвэрсэн ээж байна уу, ёстой падлийгүй. Автобусанд суудал тавьж өгөх тухай өмнө хэлэлцдэг байсан бол одоо цагт амжиж суух нь чухал болсон. Үгүй аваас автобусанд багтахгүй үлдэж, дараагийн унаа иртэл хөлөө хавирч зогсоно.
Жолооч “хойшоогоо яваарай” гэж аргадах, уурлах нийлүүлэн хашхирна. Эцэст нь "багтахгүй ээ, буугаарай" гэж хэлээд буудлаас хөдөлнө. Ерөөс манайд автобусны тоо ихэнх газарт түүгээр зорчих иргэддээ хүрэлцээгүй болсон. Дээр нь түгжрэлээс шалтгаалж дараагийн автобус удаж, удаж ирнэ. Алхаад ажилдаа очно, ажлаасаа тараад алхаж харина гэхээр ихэнх иргэдийн гэртээ харих гэрэлтэй зам нь аваар ослоор дүүрэн, харанхуй, дээр нь нэмээд алс зайтай.
Буудал болгон дээр дүүрэн хүн автобус хүлээж зогсоно. Автобус ирж байгааг үзсэн даруйд хаахна зогсохыг нь таамаглаж байгаад түрүүлж суухыг бодно. Тэгэхээр автобусны буудал дээр зогсох газрыг шинждэг, яг таг мэддэг залуучууд олширч байгаа. Хөгжил ярьсан, хүлээсэн бидний үнэн царай энэ.
Автобусны хаалга хаагдаж, хөдөлж эхлэхтэй зэрэгцэн хүмүүсийн бухимдал ч хамт хөдөлнө. Нэг нь цүнхээ урдаа тэвэрч, нөгөө нь мөрөн дээрээ тохсон, хэн хэн нь өөртөө зай гаргах гэж үл үзэгдэх дайн өрнүүлнэ. Хэн нэгний хөл дээр гишгэх, мөр шүргэх, тохойгоороо түлхэх нь бараг л өглөө бүрийн мэндчилгээ. “Уучлаарай” гэх үг унагахаас урьтаж ууртай харж, ёжтой үгс автобусанд түрүүлж ниснэ. Ийнхүү ажилдаа амжих гэж яарсан хүмүүс автобус дотор бие биесийнхээ тэвчээрийг шалгаж, өдрийнх нь бухимдал өөдрөг сайхан эхэлнэ дээ.
Буудал дээр автобус зогсоход буух хүмүүсийн замыг хааж, суух гэсэн зорчигчид хаалга руу түрэн дайрна. Дотроос гарах гэж ядаж буй хүнийг гаднаас нь шахаж, зарим нь бууж амжаагүй байхад л суудал эзлэхээр зүтгэнэ. Хаалга онгойх тэрхэн мөчид хүн чанар, дараалал, бусдыг хүндлэх ёс гурав хаа нэгтээ гээгдчихнэ.
Автобусны доторх агаар хүнд, цонх цантсан, хүмүүсийн амьсгал давхцаж, хааяа хэн нэгний бухимдсан дуу бүхээгээр нэг цуурайтна. Жолоочийн “хойшоо яв” гэх шаардлага, зорчигчдын “цаашаа явах зай алга” гэх хариу хоёр өдөр бүрийн танил харилцан яриа болжээ. Хэн нэгэн буух буудлаа өнгөрөөхгүйн тулд бусдын дундуур зүтгэж, нөгөө нь буух гэж байгаа хүндээ зам тавьж өгөхгүй бариулаас гагнаатай зогсоно. Үнэндээ ч зайчлах зай үгүй л дээ. Хүн бүр өөрийн зовлонг түрүүнд тавих тусам бусдын зовлон улам үл үзэгдэнэ. Ингээд автобус биднийг нэг газраас нөгөөд хүргэх унаа байхаа больж, хотын бухимдал, тэвчээргүй байдал, амьдралын ачаалал өдөр бүр давтагдан хуримтлагддаг жижигхэн нийгэм болжээ.
Автобусны хүрэлцээ, түгжрэл, жолоочийн харилцаа гээд нийтийн тээврийн асуудлыг яривал олон шалтгаан бий. Гэхдээ энэ бүхний цаана төрийн бодлого, хариуцлагын томоохон асуудал нуугдаж буй. 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэх нэрээр 318 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдан авах ажиллагаа зарлаж, эхний ээлжийн автобуснууд ирэхэд шинэ эсэх, үйлдвэрлэсэн он, техникийн үзүүлэлтийн талаар ноцтой эргэлзээ үүссэн. Улмаар уг худалдан авалт “Ногоон автобусны хэрэг” хэмээн нэрлэгдсэн авлига, албан тушаалын гэмт хэргийн томоохон шалгалт болон өргөжсөн. Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсан бөгөөд хэргийн улмаас 134.5 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоосон. Нийтийн тээврийг сайжруулах ёстой байсан мөнгө ийнхүү нийтийн итгэлийг сүйтгэсэн.
Худалдан авах гэрээгээр “Евро5” стандартын хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч мөрдөн шалгах ажиллагаагаар “Евро-2” стандартын хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, иргэдэд шинэчлэл амласан худалдан авалтын ард гэрээнд заасан шаардлага хангаагүй автобус, хяналт шалгалтын ноцтой доголдол үүссэн. Хэрэгт УИХ-ын нэг гишүүн, нийтийн албан тушаалтнууд, гадаадын иргэд болон хувийн хэвшлийн албан тушаалтнууд зэрэг нийт 27 хүнийг яллагдагчаар татан шалгасан. Хэдийгээр 2026 оны дөрөвдүгээр сарын мэдээллээр уг хохирлыг “Тэнүүн огоо” ХХК бүрэн барагдуулсан ч мөнгө буцаан төлөгдсөнөөр төрд итгэх итгэл, алдсан цаг хугацаа, хариуцлагын асуудал автоматаар нөхөгдөхгүй.
Энэ хэрэг нэг компанийн нийлүүлсэн автобусны чанарын асуудлаар хязгаарлагдахгүй. Харин бидний татварын мөнгийг хэрхэн зарцуулж, хэн ямар шийдвэр гаргаж, хэн хяналт тавих ёстой байсныг бүхэлд нь эргэн харах шалтгаан мөн.
Иргэд өглөө бүр автобусанд багтах гэж түлхэлцэж, орой бүр гэртээ харих гэж буудал дээр хүлээж байхад нийтийн тээврийн шинэчлэл нэрээр төсвийн асар их хөрөнгө зарцуулсан ч бодит амьдралд өөрчлөлт гарахгүй байгаа нь гашуун үнэн. Хөгжил гэдэг шинэ автобусны тоо, сүржин нээлт, өнгө үзэмжтэй тайлангаар хэмжигдэхгүй. Харин иргэд аюулгүй зорчиж, төрдөө итгэх итгэлтэй байх эсэхээр үнэлэгднэ.
Автобусны цонхоор харахад өндөр өндөр шилэн барилгатай, үзвэрийн газруудын гэрэл анивчсан орчин үеийн метро хот харагдана. Харин автобус доторх амьдрал нэг л газартаа, түгжрэл шиг гацсан хэвээрээ. Бид өдөр бүр автобусанд багтах гэж түлхэлцэвч амьдралаа урагшуулах гэж гэрээсээ гарцгаана. Манай нийгмийн туйлын үнэн дүр зураг автобусны цонхон цаана бус, түүний доторх бужигнасан олны дунд бий.
Төр нь автобусаа нэмж чадахгүй, иргэд автобусанд багтаж хүчрэхгүй. Харин хариуцлага хүлээх ёстой хүмүүс асуудалд багталгүй үлдчихсэн. Бид нээрэн алхам ч болтугай урагшилж байна уу. Мэдээж автобус хааш явахыг жолооч, иргэд мэдэж байгаа. Харин улс маань хааш явж байгаа хэн мэдэж байна вэ?