Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Улмаар тэмцэл хөдөлгөөн зохион байгуулах 27 гишүүний бүрдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, тэмцлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа мөн мэдэгдсэн юм.
Тэгвэл багш нар есдүгээр сарын 24-ны өдөр буюу маргааш 12:00-16:00 цагийн хооронд жагсаал цуглаан хийхээр болжээ.
Энэ талаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрээр "Маргааш улсын хэмжээнд жагсаал цуглаан болно. Улаанбаатар хотод 5-10 мянган хүн жагсах урьдчилсан тооцоо гараад байна. Нийт оролцогдчид УИХ, Засгийн газарт шаардлагаа хүргүүлнэ. Түүнчлэн есдүгээр сарын 27-нд ажил хаялт зарлана гэх мэдээлэл гарсан. Энэ бол манай холбоотой ямар ч хамааралгүй. Хэрэв бидний жагсаалд нааштай шийд өгөхгүй бол дараа, дараагийн шатны тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлнэ" гэв.
Тэд багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхэд шаардлага тавьж буй. Үүнд 3.3 их наяд төгрөг шаардлагатай.