
Японы өмнөд бүсийн Кюүшү арлын Кумамото аймагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, олон мянган өрх цахилгаангүй болон галт тэрэгний хөдөлгөөн зогсжээ.
Засгийн газраас мягмар гарагт Кюүшү арлын Кумамото, Нагасаки, Кагошима, Фүкүока, Сага, Оита хот болон Миязаки мужид газар хөдлөлтийн яаралтай сэрэмжлүүлэг хүргэжээ.
Японы Цаг уурын агентлагаас (JMA) газар хөдлөлтийн дараа 1 метр хүртэл өндөртэй цунами давалгаа үүсэх эрсдэлтэйг сануулсан байна. Мягмар гарагт болсон газар хөдлөлтийн улмаас 50 гаруй хүн бэртэж, худалдааны төвийн нурангид олон хүн дарагдан амь үрэгдсэн байж болзошгүй байна.
Ерөнхий сайд Санаэ Такаичи X хуудсаараа дамжуулан дахин ижил хүчтэй газар хөдлөлт тохиолдох эрсдэлтэй тул сэрэмжтэй байхыг уриалж, Засгийн газар хохирлын хэмжээг богино хугацаанд тогтоохоор ажиллаж байгааг мэдэгдлээ.
"Japan Times" сонинд мэдээлснээр Кумамото хот болон хөрш залгаа Нагасаки, Кагошима, Фүкүока, Сага, Миязаки аймагт хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Кумамотогоос өмнө орших Уки хотод 10 км-ийн гүнд байжээ.
Газар хөдлөлтийн бүсэд Sony болон дэлхийн чип үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч TSMC компаниудын үйлдвэрүүд байрладаг. Одоогоор үйлдвэрүүдийн дэд бүтцэд хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байна.
Бүс нутгийн эрчим хүчний гол нийлүүлэгч Kyushu Electric Power компани газар хөдлөлтийн улмаас 40 000 орчим өрх цахилгаангүй болсон гэж мэдээлсэн бол JR Kyushu төмөр замын компани хурдан галт тэрэгний болон бусад чиглэлийн хөдөлгөөнийг зогсоогоод байна. Цөмийн эрчим хүч зохицуулах хорооноос тус бүс дэх атомын цахилгаан станцуудад ямар нэгэн саатал, доголдол гараагүй болохыг мэдээлэв.