
Индонез улс ой хээрийн түймрээс үүдэлтэй утаа, агаарын бохирдлын асуудлаар Сингапуртай үүссэн маргаан хурцадсантай холбоотойгоор тус улсад нийлүүлэх байгалийн хийн экспортоо бууруулжээ.
Индонезын газрын тос, байгалийн хийн салбарыг хянадаг төрийн байгууллага SKK Migas-ийн тэргүүн Жоко Сисвантогийн мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагаас эхлэн Сингапурт нийлүүлэх байгалийн хийн хэмжээг хоногт 31 сая стандарт куб фут буюу ойролцоогоор 878 мянган шоо метрээр бууруулжээ. Үүнээс 15 сая куб футыг Риау арлуудын Натуна ордоос, үлдсэн 16 сая куб футыг Суматра арлаас нийлүүлдэг аж.
Жоко Сисванто AFP агентлагт өгсөн мэдэгдэлдээ энэхүү шийдвэрийг “дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд шаардлагатай байгалийн хийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах” зорилгоор гаргасан гэж тайлбарласан байна.
Сингапурын Эрчим хүчний зах зээлийн газар (EMA) байгалийн хийн нийлүүлэлтийн бууралт нь тус улсын хоногийн нийт хэрэглээний хоёр хүрэхгүй хувьтай тэнцэж байгааг мэдээлж, нийлүүлэлтийн тасалдлыг зохицуулах нөөц төлөвлөгөө бэлэн байгааг онцолжээ. Сингапур улс цахилгаан эрчим хүчнийхээ 95 орчим хувийг байгалийн хийгээр үйлдвэрлэдэг бөгөөд Индонезоос байгалийн хийг гол төлөв дамжуулах хоолойгоор импортолдог. Сингапурын Худалдааны яамны мэдээлснээр, эдгээр нийлүүлэлтийн гэрээ 2028 оны эцсээр дуусах юм.
2024 онд тус улсын байгалийн хийн нийт импортын талаас илүү хувийг шингэрүүлсэн байгалийн хий (LNG) бүрдүүлсэн бөгөөд одоогоор LNG хүлээн авах хоёр дахь терминалыг барьж байна.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн (EIA) мэдээллээр, Индонез улс 2024 онд Сингапурт 145.3 тэрбум куб фут байгалийн хий нийлүүлжээ.
Индонезын ойгүйдлийг хянадаг Nusantara Atlas байгууллагын мэдээлснээр, энэ оны эхний есөн сарын хугацаанд ой хээрийн түймэрт 1.9 сая гаруй га талбай өртсөн байна. Түүнчлэн Индонезын Эрүүл мэндийн яамны мэдээллээр, наймдугаар сарын дунд үеэс хойш тус улсын долоон мужид 333 470 гаруй хүн амьсгалын замын цочмог өвчлөлд өртжээ.