
Путины айлчлалыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Бээжингээс явснаас ердөө нэг өдрийн дараа зарлажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаргийн орой БНХАУ-д хүрэлцэн ирсэн. Түүний хоёр өдрийн айлчлалын гол зорилго нь Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх юм. Энэ үед Москва болон Бээжин дайн, хориг арга хэмжээ болон хуваагдсаар буй дэлхийн дэг журмын нөхцөлд улам ойртсоор байна.
Путины энэхүү айлчлал нь сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд Шитэй хийж буй хоёр дахь нүүр тулсан уулзалт бөгөөд 2001 оны “Сайн хөршийн, найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-ний 25 жилийн ойтой давхцаж байна. Уг гэрээ нь олон арван жилийн үзэл суртлын өрсөлдөөн, харилцан үл итгэлцлийн дараа Орос, Хятадын харилцааг албан ёсоор бэхжүүлсэн юм.
Энэхүү айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд хоёр өдрийн айлчлал хийж, Шитэй уулзаад буцсанаас хэдхэн хоногийн дараа болж байна.
Москва болон Бээжин хоёулаа Вашингтонтой түвэгтэй харилцаатай байгаа билээ. Шинжээчдийн үзэж буйгаар Трампын гадаад бодлогын таамаглах аргагүй байдал нь Орос, Хятадыг улам ойртуулах нөлөө үзүүлжээ.
Тэдний улам гүнзгийрч буй түншлэл нь мөн Украин дахь дайн, Ирантай холбоотой өсөн нэмэгдэж буй хурцадмал байдал болон Ормузын хоолой дахь тээврийн саатлын дунд өрнөж байна. Энэхүү хямрал дэлхийн эрчим хүчний зах зээлийг донсолгож, Бээжинг газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн аюулгүй байдалдаа дахин санаа зовох нөхцөл үүсгээд байгаа юм.
Дэлхийн стратегийн хамгийн чухал усан замуудын нэг эрсдэлд ороод буй энэ үед Хятад улс хуурай газраар эрчим хүч нийлүүлэх найдвартай эх үүсвэр болох Орос руу гэх хандлагаа нэмэгдүүлж эхэлсэн.
Шинжээчдийн үзэж буйгаар Ши Трамп болон Путиныг долоо хоногийн дотор дараалан хүлээн авч байгаа нь санамсаргүй зүйл биш бөгөөд Бээжин өөрийгөө хуваагдсан, тогтворгүй болсон дэлхийн дэг журам дахь найдвартай тоглогч хэмээн харуулахыг зорьж байгааг илтгэж байна.
Хятад, Оросын эдийн засгийн харилцааны бүтэц Хятад-Оросын харилцаа өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хятад болон Орос улс бие биенийхээ түүхэнд үргэлж түвэгтэй байр суурь эзэлж ирсэн. Нэгэн цагт коммунист үзэл суртал болон барууны капитализмын эсрэг нийтлэг байр сууриа түшиглэн ойртож байсан Зөвлөлт Холбоот Улс болон Маогийн үеийн Хятад улс хожим Хүйтэн дайны үед 4300 км урт хил дээрээ мөргөлдөөнд хүрэх шахсан ширүүн өрсөлдөгчид болсон юм. Гэвч тэрхүү хил хожим аюулгүй байдлын эмзэг бүсээс стратегийн хамтын ажиллагаа, худалдааны бүс болон өөрчлөгджээ.
Ши ч, Путин ч олон улсад байнга аялдаг удирдагчид биш. Путин Украин дахь дайны улмаас Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах захирамжид орсон бол Ши ихэвчлэн нарийн зохион байгуулалттай төрийн айлчлалаас бусад үед Хятадаасаа гардаггүй.
Гэсэн ч хоёр удирдагч хувийн харилцаагаа хадгалахад ихээхэн ач холбогдол өгсөөр иржээ.
Тэд олон удаа бие биенээ “найз” хэмээн нэрлэж байсан. Ялангуяа 2022 онд Орос Украинд халдсанаас хойш харилцаа нь улам гүнзгийрсэн байна. Учир нь Москва олон улсын тусгаарлалтад орж, барууны хориг арга хэмжээний улмаас худалдааны шинэ гарц хайхаар зүүн өмнөд чиглэл рүү эргэхээс өөр аргагүй болсон юм.
“Орос болон Хятад улс ирээдүй рүү итгэлтэйгээр харж байна” хэмээн Путин айлчлалынхаа өмнө Оросын төрийн хэвлэлүүдээр дамжуулан мэдэгджээ. Тэрээр хоёр улс “улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, соёлын солилцоо болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлж байна” гэж хэлсэн байна. “Үндсэндээ хоёр улсын сайн сайхан байдлын төлөө хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн хөгжлийг урагшлуулахын тулд хамтран ажиллаж байна” гэж Путин нэмж хэлжээ.
Эх сурвалж: Al Jazeera