
1998 оноос эхлэлтэй шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад албан ёсоор эхэллээ. Тивийн шилдэг шатарчид 10 өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Нээлттэй ангиллын 21, эмэгтэйчүүдийн 37 дахь удаагийн тэмцээнд 28 орны 200 орчим шатарчин өрсөлдөж байна. Тодруулбал, их мастер 34, эмэгтэй их мастер 12, олон улсын мастер 51, эмэгтэй олон улсын мастер 20, ФИДЕ мастер эр, эм нийт 49, дэд мастер 18 оролцож байгаа юм.
“Баянгол” зочид буудлын их танхимд болсон нээлтийн ёслолд УИХ-ын дарга С.Бямбацогт, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Аль-Тахир, ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн П.Батчимэг, Ж.Галбадрах, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, БТСУХ-ны дарга Э.Билэгт тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид оролцлоо.
Азийн аварга шалгаруулах тэмцээнийг нээж Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар үг хэлэхдээ “Шатар бол урлаг, шинжлэх ухаан, спорт юм. Энэ гурвыг нийлүүлээд шатар оюун ухааны гайхамшигт спорт болсон. Дэлхий дахинд хурдацтайгаар түгэн дэлгэрч байгаа энэ спортыг хөгжүүлэхийн тулд Олон улсын шатрын холбоотой хамтран Боловсролын яамны дэмжлэгтэйгээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүнийг ФИДЕ дэмжсэн. Тиймээс Германы тэрбумтан, манай багийн нөхөр, найз Вадим Розенштэйн 10 мянган шатар бэлэглэхээр боллоо. Монгол Улсын хэмжээнд 700 сургуульд шатар бэлэглэж байна. Шатраа сайн хөгжүүлж байгаа багш нарыг Германд туршлага судлуулах ажлыг хэрэгжүүлнэ. Монголын шатрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар болсон баярт мэдээг дуулгаж байгаадаа таатай байна. Вадим Розенштэйн танд талархал илэрхийлье. Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт багт тамирчдад амжилт хүсье. Монгол Улсад зохион байгуулж буй Азийн тэмцээн та бүхэнд мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Түүнчлэн нээлттэй ангилалд эхний дөрвөн байрт шалгарсан шатарчин “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрх авна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн тамирчин “Дэлхийн цом”-ын эрхтэй аж.
Монгол Улсад анх удаа болж тэмцээний бүх өргийг ухаалаг шатрын хөлөг (DGT board) ашиглан цахимаар, дэлхий даяар шууд видео болон дата хэлбэрээр дамжуулж ойролцоогоор 700 сая хүнд хүрнэ гэсэн тооцоолол гаргажээ.
21 дэх удаагийн тэмцээний хоёрдугаар өргийн тоглолт маргааш болно.


