
Оросын нэрт зохиолч Антон Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжиг Нью-Йоркийн тайзнаа цоо шинэ хэлбэрээр амиллаа. Австралийн нэрт найруулагч, драматургч Саймон Стоун нь Чеховын 1904 оны сонгодог бүтээлийн үйл явдлыг орчин үеийн Оросоос өнөөгийн Өмнөд Солонгос руу шилжүүлж, жүжгийг солонгос хэлээр бүтээжээ.
Нью-Йоркийн "Park Avenue Armory"-ийн "Wade Thompson Drill Hall"-д нээлтээ хийсэн уг бүтээл есдүгээр сарын 26 хүртэл нийт 10 удаа тоглогдох юм. Нийт суудлын тоо 12 мянга бөгөөд тасалбар хэдийн борлуулагдаж дуусжээ.
Чеховын эх зохиолд эд хөрөнгө, газар нутгаа алдах аюулд орсон язгууртны гэр бүлийн түүхээр дамжуулан нийгмийн өөрчлөлт, хуучин тогтолцооны мөхөл, шинэ давхаргын өсөлтийг өгүүлдэг.
Харин Стоуны хувилбарт язгууртнуудын оронд дайны дараах Өмнөд Солонгост хөрөнгөжсөн чеболь гэр бүлийн өв залгамжлагчид гарч ирнэ. Тэдний амьдралд шинэ эдийн засгийн орчин, өсөн нэмэгдэж буй дундаж давхарга, өөрийн хүчээр хөрөнгөжсөн бизнес эрхлэгчид хүчтэй нөлөөлж, өнгөрсөн үеийн давуу байр суурь нь аажмаар ганхаж эхэлдэг. Ингэснээр Чеховын бүтээлийн үндсэн санааг хадгалсан ч үйл явдлыг Солонгосын нийгэм, гэр бүлийн харилцаа, эдийн засгийн шатлалын онцлогтой холбон шинэчилжээ.
Энэхүү жүжгийн бас нэг онцлог нь бүхэлдээ солонгос хэлээр тоглогдож, англи хадмалтай үзэгчдэд хүрч буй явдал юм. Гол дүрд Каннын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналт Жон До Ён, “Squid Game” цувралаар олон улсад танигдсан, Эммигийн шагналд нэр дэвшиж байсан Пак Хэ Сү нар тоглож байна.