
1986 оны дэлхийн хамгийн том цөмийн ослоос хойш 40 жилийн дараа ч Чернобылийн цэвэрлэгээнд оролцсон Петр Хурин эрүүл мэндийн ноцтой асуудлуудтайгаа тэмцсээр байна.
Тэрээр 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Украинд болсон Чернобылийн дэлбэрэлтийн дараах цэвэрлэгээнд оролцсон “ликвидаторууд”-ын нэг юм.
Энэхүү ослоор реактор 4 дэлбэрч, Европын ихэнх хэсэгт тархсан цацраг идэвхт үүл үүсгэн урт хугацааны хор уршиг үлдээсэн.
Эхэн үедээ үйлдвэрийн 31 ажилтан, гал сөнөөгч цацрагийн хурц хордлогоор нас барсан. Үүнээс хойш олон мянган хүн хорт хавдар зэрэг өвчнөөр нас барсан ч нийт тоо одоо хүртэл маргаантай хэвээр байгаа юм.
1986 оны зургаадугаар сард барилгын техник нийлүүлдэг компанид ажиллаж байсан Хурин Чернобылийн хориотой бүс рүү илгээгдсэн байна. Түүний компанийн 40 хүнээс өнөөдөр ердөө тав нь амьд үлджээ. “Чернобыльд оролцсон хүмүүсээс эрүүл хүн нэг ч байхгүй. Энэ бол мянган жижиг шархаар үхэхтэй адил” гэж 76 настай Хурин хэлэв.
Зөвлөлтийн эрх баригчид ослын бодит хэмжээг нуухын тулд Киев хотод болох 5-р сарын 1-ний баярын жагсаалыг цуцлаагүй гэдэг.
Хурин зарим хүмүүс эмнэлгийн бичиг баримт бүрдүүлж очихоос зайлсхийж байсан ч өөрийгөө улс эх оронд нь тулгарсан асуудалд туслах ёстой гэж үзжээ. “Миний хувь нэмэр бага байсан ч атомын энэ ‘араатныг’ номхруулахад оролцож байна гэж ойлгосон” хэмээн өгүүлсэн юм.
Тэр 12 цагийн ээлжээр экскаватор ажиллуулж, хар тугалгатай бетон материал ачин эвдэрсэн реакторыг бүрхэх аварга хамгаалалтын бүрхүүл байгуулах ажилд оролцжээ.
“Тоос маш аймшигтай байсан. Хагас цаг ажиллахад амьсгалын маск бор өнгөтэй болдог байсан” гэж тэр дурслаа.
Дөрөв хоногийн дараанаас толгой өвдөх, цээжээр хатгах, цус алдах, хоолойнд металл амтагдах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Дараа нь бараг алхаж чадахгүй болж, амьд үлдэх найдвар багассаар. Хурины бие огцом муудан эмнэлэгт хүргэгдсэн ч Зөвлөлтийн эмч нарт цацрагийн өвчин хэмээн оношлохыг хориглосон тул “вегетатив-судасны дистони” гэж оношилсон байна.
Тэр ослоос өмнө хэзээ ч өвчний чөлөө авч байгаагүй ч дараа нь долоон сар орчим эмнэлэг дамжин эмчлүүлжээ. Одоо Хурин цус багадалт, зүрхний өвчин, нойр булчирхайн үрэвсэл зэрэг олон өвчтэй болсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр украин эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2021 онд 66 байсан.

Одоо тэтгэвэрт гарсан Хурин эхнэр Ольгатайгаа Черкасы мужид амьдарч, баян хөгжим тоглож, дуу шүлэг бичдэг.
Тэр мөн Чернобылийн “ликвидаторууд”-д тусгай тэтгэвэр олгуулахын төлөө тэмцэж буй.
Гэвч түүний амьдралд хоёр дахь том гамшиг нөлөөлсөн нь 2022 онд эхэлсэн Оросын довтолгоо юм. Тэд ач хүү Андрей Воробкалогийн дурсгалын хөшөөнд байнга очдог. Тэр 26 настайдаа дайнд амь үрэгджээ.

Ач хүү нь Грект ажлаа орхин эх орноо хамгаалахаар буцаж ирсэн талаар Хурин дурсав. “Тэр бүхнээ орхиод Украиныг хамгаалахаар ирсэн. Бид түүнийг байнга боддог” гэж Хурин Independent-ийн сурвалжлагчид ярьжээ.