
Ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаж буй сэдэв бол ямааны годрон өвчин. "Чемодантай ямаа" гэх нэршил ч бий болгоод амжлаа. Өчигдөр салбарын сайд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэ асуудлаар мэдээлэл хийснээр сэдэв бүр ч илүү олны анхааралд орж ирлээ. Тиймээс энэ асуудлаарх олон талын эх сурвалжийн байр суурийг хүргэе.
Одоогоор тодорхой болоод мэдээлэл гэвэл ямааны годрон өвчин Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна. Говь-Алтай аймгийн Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, хяналтыг үргэлжлүүлж байгаа гэв. Мөн үржлийн ухна нийлүүлэгдсэн 10 аймгийн 13 байршилд мөшгөн тандалт хийж, хавьтал болсон сүргийг тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдээд байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: “Саятан сүрэг” дэлгүүрээс худалдан авсан ухнаас годрон өвчин тархсан байж болзошгүй
“Саятан сүрэг” дэлгүүрээс худалдан авсан ухнаас годрон өвчин тархсан байж болзошгүй байна. БНХАУ-ын “Арвас” үүлдрийн ухнаас тархсан байж болзошгүй. Монгол Улсад гаднаас эцэг мал импортолж оруулж ирэх жагсаалтад “Арвас” гэдэг үүлдрийн ухна байхгүй. Хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал маш өндөр байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу ухныг бүртгэх, мал эмнэлгийн хяналтад оруулах процесс огт хийгдээгүй. “Саятан сүрэг” нь ч бүртгэлгүй. Худалдаж авсан хүмүүс дээр ч энэ бүртгэл хийгдээгүй. Монгол Улсын бүх хууль тогтоомжийг уландаа гишгээд энэ нөхцөл байдал үйлдэгдсэн байна гэж үзэж байна. Тиймээс бид энэ асуудлаар өнгөрсөн пүрэв гарагт Тагнуулын ерөнхий газар руу хандсан. Баасан гарагт цагдаагийн байгууллага руу хандсан. Эрх бүхий байгууллагаар үүнийг шалгуулна” гэв. Мөн тэрээр “Чемодантай” ямааны талаар иргэдээс мессеж ирж байна. Өнгөрсөн оны буюу 2025 оны зургаадугаар сарын 20-доор болсон үйл явдал юм байна" гэв. Салбарын сайдын зүгээс “Саятан сүрэг” дэлгүүр хэдэн ухныг хааш нь зарснаа ч хэлж өгөхгүй байна. Тэр битгий хэл годронгийн вакцин санал болгож байна гэсэн ч мэдээлэл байгаа. Гэхдээ энэ мэдээлэл баталгаажаагүй” гэсэн тайлбарыг хийсэн. Харин Гаалийн ерөнхий газрын зүгээс сүүлийн таван жил хуц, ухна импортоор оруулаагүй гэсэн тайлбарыг хэлээд буй юм.
Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрыг төлөөлж, тус газрын дарга Х.Алтангэрэл дараах тайлбарыг өгөөд буй.
МЕГ: “Арвас” үүлдрийн ухна Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй
Уг ухныг үржлийн мал өсгөх, худалдах зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах малын жагсаалтад багтаагүй байхад сайжруулагч болгон худалдан борлуулсан хууль бус үйлдэл урьдчилсан шалгалтаар тогтоогдоод байна.
Ухныг улсын хилээр ямар зам, нөхцөлөөр нэвтрүүлсэн, гарал үүсэл болон импортын баримт бичигтэй байсан эсэхийг тогтоолгохоор Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт хандаж, хилээр нэвтрүүлсэн болон олон байршилд борлуулж, шилжүүлсэн замыг холбогдох баримтаар шалгуулж байна. Шалгалтын эцсийн дүнгээр хууль бус үйлдэлд оролцсон этгээдэд халдвар тараахад хүргэсэн шалтгаан, хариуцлагыг тогтооно.
Мөн Говь-Алтай аймгийн Цогт сум руу гаднаас 12 ухна нийлүүлэгдсэний дараа мал эмнэлгийн тасгаас тэдгээрийг хорио цээрт оруулах мэргэжлийн зөвлөмжийг мөрдөх шаардлага тавьсан байхад сумын удирдлага уг зөвлөмжийг дур мэдэн хэрэгжүүлээгүй, улмаар ухныг тараах халдварын хүрээ тэлэх нөхцөл үүссэн тухай мэдээлэл гарч байна.
Энэ бол малын халдварт өвчний үед гаргаж болохгүй хариуцлагагүй үйлдэл. Хяналт шалгалтаар мэргэжлийн байгууллагын заавар, хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн нь тогтоогдвол холбогдох удирдлага, албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох ёстой юм.
Харин “Саятан сүрэг” дэлгүүрийн захирал Э.Энххөлөг дараах байр суурийг илэрхийлж байна.
Э.Энххөлөг: Би хэзээд шалгуулахад бэлэн
Харин өвчтэй ухна оруулж ирсэн гэгдэх “Саятан сүрэг” дэлгүүрийн захирал Э.Энххөлөг “Би чемоданд хийгээд ямаа оруулж ирээгүй, хүнээс худалдаж авсан. Үзэж хараад, өсгөж үржүүлэхэд сайхан мал байна гээд худалдаж аваад үржүүлсэн. Шинжилгээний хариуг манайд ирүүлээгүй байж салбарын сайд ийм зүйл яриад байгааг гайхаж байна. Хэрвээ манайд зарагдсан ухна, ямаанаас годрон илэрсэн бол би хамгийн түрүүнд мал эмнэлэг дуудаж, манай дэлгүүрт бүртгэгдэх ёстой” гэсэн тайлбарыг хийлээ.
Энэ бүхнээс харахад “Чемодонтой ямаа”-ны цаана ганц ямаа, ганц ухнаас илүү өргөн хүрээний асуудал яригдаж байна. Үржлийн малын бүртгэл, импортын хяналт, мал эмнэлгийн тандалт, орон нутагт өгсөн мэргэжлийн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн эсэх, өвчний голомт хаанаас эхэлсэн зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.
Өнөөдөр “Чемодонтой ямаа” гэдэг нэр олон нийтийн ярианы сэдэв болж, зарим нэг нь тохуурхаад өнгөрч байна. Гэвч энэ нь Монгол малын эрүүл мэнд, малчдын амьжиргаа, малын экспортод асар их хохирол сөрөг үр дагавар дагуулж байна. Энэ бүх хариуцлагагүй үйлдлийн хохирлыг малчид амсаж, хэн нэгэн хариуцлага хүлээхгүйгээр өнгөрч болохгүй.
Монгол Улсын хил гэдэг зөвхөн хүн, бараа бүтээгдэхүүн нэвтэрдэг шугам биш. Хилээр орж ирж байгаа мал, үржлийн материал, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн бүр улс орны малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой.
Монголчуудын хувьд мал бол зүгээр нэг хөрөнгө биш. Үндэсний эдийн засаг, нүүдлийн соёл, аюулгүй хүнсний баталгааны нэг хэсэг. Тиймээс хилээр нэг ухна ямар замаар орж ирсэн, ямар бичиг баримттай байсан, хаана бүртгэгдсэн, хэдэн айл өрхөд үржлийн зориулалтаар тархсан зэрэг нь зөвхөн нэг аж ахуйн нэгжийн асуудал биш юм.
Тиймээс “чемодонтой ямаа”-ны хэрэг явдал үнэхээр хаанаас эхэлж, хэн ямар хариуцлага хүлээхийг тогтоох нь удаах асуудал. Харин түүнээс ч чухал нь Монголын хилээр мал, амьтан нэвтрүүлэх хяналт хаана алдсан, төрийн байгууллагуудын мэдээлэл, бүртгэл, тандалт яагаад зөрсөн, цаашид ийм эрсдэлийг хэрхэн хаах вэ гэдэг асуулт юм.
Энэ удаагийн “Чемодантай ямаа”-ны асуудал Монгол Улс хил, малын хяналтаа хэр сайн хамгаалж байгааг бодитоор шалгасан тохиолдол болж байна.