
Пакистаны сансрын нисэгч “Шэньжөү-24” хөлгийн багт нэгдэж, Хятадын сансрын станцад хөл тавьсан анхны гадаадын иргэн болохоор төлөвлөж байгааг тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Пакистаны Сансар судлал, дээд агаар мандлын судалгааны үндэсний комиссын дэмжлэгтэйгээр сонгогдсон уг нисэгч сансарт богино хугацааны нислэг үйлдэж, “Шэньжөү-23” хөлгөөр эх дэлхийдээ буцаж ирнэ гэдгийг “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Энэхүү нислэг нь Хятадын хүнтэй сансрын нислэгийн хөтөлбөрийн түүхэнд гадаадын сансрын нисэгч оролцох анхны тохиолдол болох юм.
Бээжин одоогоор хөөргөх товыг албан ёсоор зарлаагүй байна.
“Синьхуа” агентлаг энэ оны эхээр Пакистаны хоёр нэр дэвшигч болох Мухаммад Зишан Али, Хуррам Дауд нар Хятадын сансрын нисэгчидтэй хамт бэлтгэл сургуулилалтаа эхлүүлсэн гэж мэдээлж байв. Тэдний нэгийг богино хугацааны сансрын нислэгт ачаа даацын мэргэжилтнээр сонгохоор төлөвлөжээ. Тэдний нэгийг ажиллагааны дадлага, хятад хэлний эрчимжүүлсэн сургалт багтсан гурван үе шаттай, нарийн шалгуур бүхий сонгон шалгаруулалт, үнэлгээний дараа сонгожээ.
Пакистаны сансрын агентлагийн албаны хүний “Ройтерс” агентлагт мэдээлснээр, хоёр нэр дэвшигч Бээжин хот дахь Хятадын Сансрын нисэгчдийн судалгаа, бэлтгэлийн төвд хэдэн сарын турш сургалтад хамрагдсан байна.
Тэдний бэлтгэл сургуулилалт бодит ажиллагааны ур чадварыг хөгжүүлэхэд чиглэхийн зэрэгцээ “хятад хэлний эрчимжүүлсэн сургалт” ч багтжээ.
Удахгүй хэрэгжих уг нислэг нь 2025 оны хоёрдугаар сард байгуулсан хэлэлцээрийн нэг хэсэг юм. Тус хэлэлцээрийн хүрээнд Хятадын Үндэсний сансар судлалын газар Пакистаны анхны сарны роверыг болох “Жинна-1”-ийг мөн сар руу илгээнэ. Шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр тоноглогдсон, 35 килограмм жинтэй уг ровер сарны хөрс, цацраг туяа болон плазмын шинж чанарыг судлах зориулалттай. Одоогоор Пакистан бие даасан хөөргөх пуужин болон хүнтэй сансрын хөлөггүй. “Жинна-1” роверыг 2028 онд сарны өмнөд туйл руу хөөргөхөөр төлөвлөсөн “Чанъэ-8” даалгаврын хүрээнд илгээнэ. Сарны энэ бүс нутаг нь бартаа ихтэй гадарга болон мөстэй байх магадлалаараа сансар судлаачдын анхаарлыг татдаг.
Хятад улс 2030 он гэхэд хүнтэй хөлгөөр саран дээр анх удаа буух бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд 2035 он гэхэд саран дээр робот болон хүн байнга ажиллах суурин байгуулах зорилт тавьжээ. Харин АНУ-ын Үндэсний агаарын болон сансрын уудмын захиргаа (НАСА) 2028 онд сансрын нисэгчдээ сарны гадарга дээр буулгахаар ажиллаж байна.