Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үед буюу шүдлэн насны зээрд халзан зүсмийн морь бариалахдаа бахардаж ойчсон.

Бахардаж унасан шүдлэнг нэгэн залуу өшиглөж, амьсгалыг задалж аварч буй үйл явдал цахим хуудаснаа түгсэн билээ. Тэгвэл бахардсан хурдан хүлгийг аварсан залуу нь Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн ахлах ахлагч Сайнбаярын Ганцоож ажээ.

Ахлах ахлагч С.Ганцоож Зэвсэгт хүчинд 20 дэх жилдээ алба хааж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 014, 340, 189, 013 дугаар ангиудад үүрэг гүйцэтгэж байжээ.