
Нийгмийн баялгийг нэмэгдүүлэх, иргэдийнхээ амьжиргааны түвшин, орлогыг өсгөх, өрсөлдөх чадвараа сайжруулахаас эхлээд днб хүртэлх эдийн засгийн олон асуудал “хөдөлмөрийн бүтээмж” гэх энгийн атлаа эгэлгүй хүчтэй ойлголт дээр тогтдог.
Хөдөлмөрийн бүтээмжийг эдийн засгийн гол үзүүлэлт болгодог учир жанцан нь нийгэмд хуримтлагдсан мэдлэгийг бүтээлчээр ашиглан баялаг бүтээх явц гэдэгтээ оршдог.
Онолын хувьд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэнэ гэж манай эрх баригчид зорьж буй. Гэхдээ энэ хэмжээнд хүргэхийн тулд тал хувийг нь бүтээмжийн өсөлтөөс бий болгох хэрэгтэй гэсэн судалгаа бий. Зорилтот 6 хувьд хүргэхийн тулд нийт монголчууд хөдөлмөрийн бүтээмжээ багадаа 3 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Дэлхийн улс орнуудын 1 хүнд ногдох хөдөлмөрийн дундаж бүтээмж 41 мянган ам.доллар бол манай улсынх 11.3 мянган ам.доллар байгааг Азийн бүтээмжийн байгууллага APO мэдээлсэн.
APO-н тооцооллоор бүтээмжийн томоохон шинэчлэл хийхгүй бол манай улсын эдийн засаг удааширч, ирэх 10 жилд 4.2%, түүнээс цааш 2036-2050 онд 2.8% болж буурна. Энэ нь эдийн засгийн өсөлт удаашрахад томоохон нөлөө үзүүлээд зогсохгүй бусад сөрөг эффект ч үзүүлэх магадлалтай.
Өнгөрсөн оны тавдугаар сард Үндэсний статистикийн хорооноос Хөдөлмөрийн бүтээмжийн эхний улирлын мэдээллийг танилцуулахад Монгол Улсын нэг ажилтанд ногдох ДНБ өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурсан байна. Эдийн засгаа чирж явдаг дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажилтанд ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс ерөнхийдөө буурсан дүнтэй гарчээ.
Нэг ажилтанд ногдох нэмэгдэл өртөг 2024 онтой харьцуулахад,
- Уул уурхай, олборлолтын салбар 383 мянган
төгрөг буюу 3.5 хувиар,
- Хөдөө аж ахуйн салбар 112.9 мянган төгрөг буюу 22.3
хувиар,
- Үйлчилгээний салбар 110.5 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
-
Харин үйлдвэрлэл, барилгын салбар 3 сая төгрөг буюу 92.3 мянган төгрөг болж 3
хувиар буурчээ.
Хөдөлмөрийн бүтээмж нь тухайн улсын эдийн засгийн үндсэн асуудал аль түвшинд хэр зэрэг үр дүнтэй шийдвэрлэгдэж байгааг илтгэх үр ашгийг нэгтгэсэн үзүүлэлт гэсэн онолын тодорхойлолт бий. Энэ онолыг эдийн засагч П.Самуэльсон буурай хөгжилтэй орнуудын ядуурлын “чөтгөрийн тойрог”-оосоо гарч чаддаггүй явдалтай холбон гарц нь бүтээмжээ дээшлүүлэх явдал хэмээн тайлбарласан байдаг.
Өнгөрсөн оны III улирлын байдлаар 1 ажилтанд ногдох ДНБ өмнөх оноосоо 1.3% өсөж 5.9 сая төгрөгт хүрсэн. Энэ нь дэлхийн дунджаас 3.6 дахин бага үзүүлэлт төдийгүй бид бүтээмжээрээ 181 орноос 105-т жагсаж сүүл мушгидаг. Капитал хамгийн их төвлөрсөн уул уурхайн салбар, удаах нь санхүү, даатгалын үйлчилгээний салбарт бүтээмж хамгийн өндөр бол харин ажиллах хүчин ихээр төвлөрсөн ХАА, төрийн алба зэрэг нийтийн салбарт хөдөлмөрийн бүтээмж үргэлж сул явж ирсэн. Анхаарал халамж хамгийн их салбар нь хамгийн арчаагүй, бүтээмжгүй байгаа юм.
Хэдий уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.5 дахин их байгаа ч 2015 онд ₮97.3 саяд хүрч байснаасаа 1.8 дахин буурсан. Бид өөрсдийгөө залхуу залхаг гэхээсээ урьтаад өөр өөрсдийн салбартаа хөрөнгө оруулалт татах, технологи нэвтрүүлэх, баялаг бүтээх чадвартаа хэр анхаардгийг эдгээр тоонууд харуулж буй. Гэтэл манай улсын эдийн засаг баялаг бүтээх бус, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг дахин хуваарилах байдлаар ажилладаг.
Хамгийн сонирхолтой нь хөдөлмөрийн бүтээмжийг бид нийтээрээ цалинтай холбож ойлгодог. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхгүйгээр цалин өсгөх нь инфляцыг нэмэгдүүлж, дунд хугацаанд бүх нийтийн худалдан авах чадварыг бууруулдаг.
Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарлан, жагссан нь нэг талаараа боловсрол, мэдлэг, ур чадварыг нь үнэгүйдүүлсэн улс төрийн урхагтай шийдвэртэй холбогдсон. Гэтэл эсрэгээрээ ТҮКийн ажилтнууд, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж тэдний хөдөлмөрийг үнэлж буйгаа зарласан. Энэ нь үнэндээ боловсролын утга, үнэ цэнийг уландаа гишгэж нийгмийн үнэлэмжийг доош татсан шийдвэр байсан. Мэдлэг, боловсрол, ур чадварт суурилсан хөдөлмөрийн үнэ цэнийг ийнхүү алдагдуулснаараа нийгмийг улам бүдүүлэг, харанхуй руу чирсэн нь шийдвэр гаргагчдын мэдлэг, боловсролын түвшинг илэрхийлнэ.
ҮСХ-ны мэдээлэлд дурдсанаар эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарын ажилтанд ногдох хөдөлмөрийн бүтээмж нийтийн үйлчилгээний салбарын нэг ажилтанд ногдох хэмжээнээс даруй 3-5 дахин их байна. Харин цалингийн хэмжээ нь эсрэгээрээ байгаа юм.
Хар ухаанаар бодсон ч багадаа 4, цаашилбал 6-8 жил суралцаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн ур чадвараа хөгжүүлсэн эмч, багш нар өдөрт хэдэн цаг ажиллаж, хэдэн хүний эрүүл мэнд, амь насыг аварч байгаа, хэдэн хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа вэ гэдгийг өдөрт хэдэн ам метр талбайг цэвэрлэж байгаатай жиших нь өөрөө жигшмээр буруу харьцуулалт, гажуудал билээ.
Энэ ойлголтын буруу зөрүүгээс үүссэн эдийн засгийн асуудал эргээд ядууралд л хүргэнэ гэдгийг эдийн засгийн тоон үзүүлэлтээр тайлбарлая.
2000-2013 онд хөдөлмөрийн бодит бүтээмж жилд дунджаар 5.4 хувиар, нэрлэсэн бүтээмж 19.7 хувиар өссөн бол бодит цалин 6.2 хувиар, нэрлэсэн цалин 20.6 хувиар, бодит ДНБ 7.7 хувиар тус тус өсжээ. Цалин 14 жилийн дунджаар 20.6 хувиар өссөн хэдий ч инфляцын нөлөөгөөр цалингийн “жинхэнэ нэмэгдэл” нь ердөө 6.2 хувь аж.
Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор нэрлэсэн цалингийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь өнгөц харахад сайн үзүүлэлт мэт боловч нэрлэсэн цалингийн хэмжээ нь орлогын түвшинг харуулахаас амьжиргааны түвшинг харуулдаггүй. Манай улсын хувьд нэрлэсэн цалин, бодит ДНБий өсөлт хөдөлмөрийн бүтээмжээсээ түрүүлж явдаг байна. Энэ нь цалин, хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа холбоо бага байгааг илтгэж буй.
Нэрлэсэн болон бодит цалингийн зөрүү их байгаа нь нэрлэсэн цалин нэмэгдэж байгаа ч хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааран өрх гэрийн амьжиргаанд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр инфляцын түвшин өндөр байгаагаас онолын дагуу цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж нэмэгдүүлэхгүй байна гэж хэлж болохоор байна.
“Хөдөлмөрийн бүтээмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ” судалгааны эмхэтгэл
Хөдөлмөрийн бүтээмж, бодит болон нэрлэсэн цалингийн өсөлтийн зөрүүг тодорхой харуулахын тулд салбар тус бүрээр тооцоо хийхэд хөдөлмөрийн бүтээмж болон цалингийн өсөлт салбар бүрд харилцан адилгүй байгаа нь тухайн салбарын цар хүрээ, онцлог, хөдөлмөрийн оролцооны түвшин, ажиллах хүчний багтаамж, капитал зэвсэглэлт буюу техник, тоног төхөөрөмжийн байдал зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаарч байна.
Хөдөлмөрийн зах зээлийг салбарын хөдөлмөрийн оролцооны түвшнээр нь хөдөлмөрийн оролцоо ихтэй болон хөдөлмөрийн оролцоо багатай гэж ангилж авч үзэж болно. Хөдөлмөрийн оролцоо ихтэй салбарт худалдаа, үйлчилгээний салбарууд багтах бөгөөд эдгээр салбарт хүний шууд оролцоо өндөр, үйлчилгээ нь хүн төвтэй явагддаг. Харин хөдөлмөрийн оролцоо багатай салбарууд нь хүний оролцоог харьцангуй бага шаардаж, техник технологийн хүчээр үйлдвэрлэл явуулдаг тул салбарын бүтээмж өндөр байх хандлагатай байдаг. Манай орны хувьд хөдөлмөрийн оролцоо багатай салбарын тоонд уул уурхай тэргүүлж, араас нь санхүү, даатгалын салбар орж байна. Тэгэхээр цалин хөлс нэмэгдүүлэх гэдэг ойлголтоо хөдөлмөрийн бүтээмжтэйгээ зөв уялдуулж, салбарын онцлогийг нь харгалзан үзэлгүйгээр өнгөц дүгнэлтээр хандвал салбараа бүү хэл улсынхаа эдийн засгийг тэр чигт нь сөхрүүлэх эрсдэлтэй байна.