
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлээ.
УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.1-д заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн 2025 оны гуравдугаар сарын 20-нд байршуулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах өргөдөл 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэлх хугацаанд 100 860 иргэний санал авсан байна.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилго 3-т “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, идэвхтэй бүтээлч гэр бүлийг төлөвшүүлэн, хэрэгцээндээ нийцсэн байр сууц бүхий, хөрөнгө оруулалтын таатай орчин, нөхцөлд өрсөлдөхүйц бичил, жижиг, дунд бизнес эрхлэн өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг бүрдүүлнэ”, Зорилго 4-т “Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно” гэж тус тус заасан байдгийг Ж.Баярмаа гишүүн дурдав. Нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлогыг дэвшүүлэн, холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байдгийг төслийг өргөн мэдүүлэх үеэрээ дэд дарга Ж.Бат-Эрдэнэд танилцуулж байлаа.
Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн байршуулсан өргөдлийг дэмжиж саналаа өгсөн 100 860 иргэний 85 хувь нь 18-40 насны, 62 хувь нь Улаанбаатар хотын иргэд, 58 хувь нь эмэгтэйчүүд байгааг Ж.Баярмаа гишүүн онцлон дурдлаа. Иймд УИХ-ын нэр бүхий 35 гишүүн хамтран холбогдох нөхцөл, шаардлагыг үндэслэн таван зүйл бүхий Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн нэгдүгээр зүйлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан Монгол Улсын иргэний төлөх албан татварын хувь хэмжээтэй холбоотой өөрчлөлтийг, хоёрдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийн өөрчлөлт, гуравдугаар зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтуудад дурдагдсан эшлэлийг хассан өөрчлөлт, дөрөвдүгээр зүйлд хуулийн зарим зүйлийн хэсэг, заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт, тавдугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тус тус заасан байна.
Төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, иргэд залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.