
НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Иранд хийсэн, 177-оос доошгүй энгийн иргэний амь насыг хохироосон хоёр цохилтын үеэр АНУ дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бий гэж мэдэгдлээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэдэх Ираны асуудлаарх Олон улсын хараат бус баримт тогтоох комиссын шинэ тайланд дурдсанаар, хоёрдугаар сард Минаб хотын бага сургууль болон Ламерд хотын спортын цогцолборт хийсэн пуужингийн цохилтууд нь ялгаваргүй халдлага байсан учир энгийн иргэд амиа алдах, иргэний дэд бүтэц сүйдэхэд хүргэсэн аж.
АНУ өмнө нь Ламерд хотод цохилт өгсөн гэдгээ үгүйсгэж, Минаб хотод болсон үйл явдлыг шалгаж байгаа гэж мэдэгдсэн. АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан уг тайлангийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
Шинжээчид мөн нэгдүгээр сард засгийн газрын эсрэг өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарах үеэр Ираны эрх баригчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байна. Тэд аюулгүй байдлын хүчнийхэн 31 муж даяар хүний амь хөнөөсөн нь “урьд өмнө байгаагүй хэмжээнд” хүрсэн гэж мэдэгджээ.
Ираны эрх баригчид уг дүгнэлтэд одоогоор тайлбар өгөөгүй байна. Харин өмнө нь хүний эрхийг системтэйгээр зөрчсөн гэх мэдээллүүдийг няцааж байсан юм.
“Ираны энгийн иргэд өөрсдийн засгийн газрын үйлдсэн хүний эрхийн ноцтой зөрчил, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон АНУ, Израилтай хийж буй улс орных нь үхэл дагуулсан мөргөлдөөний дунд хавчуулагдаад байна” гэж баримт тогтоох комисс пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ анхааруулжээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулсан хамгийн сүүлийн тайландаа комиссын гурван хараат бус шинжээч мөргөлдөөний үеэр энгийн иргэдийн эсрэг үйлдэгдсэн хамгийн олон хүний амь нас хохирсон хоёр халдлагыг мөрдөн шалгажээ.
Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Ираны эсрэг дайны ажиллагаагаа эхлүүлсэн өдөр өмнөд нутгийн Минаб хот дахь Шажарех Тайебех бага сургуульд “Томахоук” пуужингаар цохилт өгч, орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр 120 хүүхэд багтсан 156-аас доошгүй хүн амиа алдсан байна.
Хоёрдугаар сард Минаб хотын бага сургуульд хийсэн цохилтын улмаас 120 хүүхэд багтсан 156-аас доошгүй хүн амиа алджээ Баримт тогтоох комиссын шинжээчдийн мэдээлснээр тус сургууль нь мөн тухайн өдөр халдлагад өртсөн Исламын хувьсгалт гвардийн корпусын тэнгисийн цэргийн цогцолборын хажууд байрладаг байжээ. Гэхдээ сургууль нь тодорхой танигдахуйц объект байсан төдийгүй цэргийн зориулалтаар ашиглаж байсан гэх ямар нэгэн мэдээлэл байгаагүй гэж тэд үзсэн юм.
Шинжээчид цуглуулсан нотлох баримтдаа тулгуурлан, тэр дундаа АНУ-ын цэргийн урьдчилсан шалгалтаар тус цохилтыг АНУ-ын хүчнийхэн үйлдсэн гэж үзсэн тухай хэвлэлүүдийн мэдээлэл болон мөргөлдөөнд оролцогч талуудаас зөвхөн АНУ “Томахоук” пуужин эзэмшдэг гэсэн баримтыг харгалзан үзээд уг сургуульд өгсөн цохилтыг АНУ үйлдсэн гэж үзэх “үндэслэлтэй шалтгаан” байна гэж дүгнэжээ.
Мөн сургууль нь “цохилтын зориудын бай болж, Исламын хувьсгалт гвардийн корпусын цогцолборт хийсэн халдлагын алдаатай тусгал эсвэл дагалдах хохирлоос үүдсэн сүйрэл биш” гэж дүгнэсэн байна. Амьд үлдсэн хүмүүсийн ярьснаар сургуульд хоёр удаа цохилт өгчээ.
АНУ-ын арми Минаб хотын цохилтын талаарх мөрдөн шалгалтынхаа дүгнэлтийг одоогоор нийтлээгүй байна. Харин Батлан хамгаалахын сайд Пит Хегсет цэргийнхэн “иргэний объектуудыг хэзээ ч зориудаар бай болгохгүй” гэж мэдэгдсэн юм.
Мөн хоёрдугаар сарын 28-нд Ламерд хотын спортын цогцолбор болон орон сууцны бүсэд “Precision Strike Missile” буюу PrSM пуужин ашиглан вольфрамын хэлтэрхий бүхий үүл үүсгэх байдлаар цохилт өгсний улмаас орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр долоон хүүхэд багтсан 21-ээс доошгүй энгийн иргэн амиа алдсан байна.
Энэ тохиолдолд ч баримт тогтоох комиссын шинжээчид спортын цогцолбор нь тодорхой танигдахуйц байсан, цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан гэх ямар нэгэн мэдээлэл байгаагүй гэж мэдэгджээ.
Тэд мөргөлдөөнд оролцогч талуудаас зөвхөн АНУ PrSM пуужин эзэмшдэг зэрэг нотлох баримтад тулгуурлан уг цохилтыг АНУ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн аж.
АНУ-ын арми тухайн өдөр Ламерд хотод ямар нэгэн цохилт хийгээгүй гэж мэдэгдсэн ч ашигласан зэвсгийг PrSM байсан гэх мэдээлэлтэй мөн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Баримт тогтоох комиссын шинжээчид дээрх хоёр тохиолдлын аль алинд нь “АНУ энгийн иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, эсвэл иргэний объектуудыг сүйтгэхэд хүргэсэн ялгаваргүй халдлага үйлдсэн гэх дайны гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж мэдэгдлээ.
Баримт тогтоох комиссын тайланд мөн 2025 оны арванхоёрдугаар сар болон 2026 оны нэгдүгээр сард Иран даяар өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийг Ираны эрх баригчид хүчирхийллийн аргаар дарсан асуудлыг хамруулсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь өмнөх эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг хүчээр дарж байсан үйл явдлуудаас урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн хурцадмал байдал байсан бөгөөд үхлийн хүчийг өргөнөөр ашигласан, олон хүн амиа алдаж, шархадсан, мөн их хэмжээний баривчилгаа явуулжээ.
Тэд гэрчүүд, эмнэлгийн ажилтнууд болон хохирогчдын ар гэрийнхний мэдээллийг иш татан, аюулгүй байдлын хүчнийхэн барилга, дээвэр зэрэг өндөрлөг байрлалд байрлаж, жагсагчид руу автомат буугаар буудсан гэдгийг ч дурдав.
Мөн жагсагчдын толгой, цээж, нүдэнд буудлагын төмөр үрэлд өртсөнөөс хүнд гэмтэл авч, улмаар байнгын хараагүй болсон тохиолдлууд гарсан байна.
Хүч хэрэглэн дарах ажиллагаа даамжрахын хэрээр аюулгүй байдлын хүчнийхэн эмнэлгийн байгууллагуудад халдаж, шархадсан жагсагчдыг зодож, баривчилсан. Зарим эмнэлгийн ажилтныг ч баривчилсны улмаас хохирогчид амь аврах эмнэлгийн тусламж авахаас зайлсхийхэд хүрсэн гэж шинжээчид үзжээ.
Мөн эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хэдэн арван мянган хүн эрүүдэн шүүх, ганцаарчлан хорих болон хууль зүйн өмгөөлөгч авах эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөлтэй тулгарсан гэдгийг тэд тогтоосон аж.
Үүний зэрэгцээ засгийн газар жагсагчдад цаазаар авах ялыг улам эрчимтэй хэрэгжүүлж эхэлснийг шинжээчид анхааруулжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотой хэргээр шуурхай шүүх ажиллагаа явуулсны дараа дор хаяж 29 эрэгтэйг цаазалсан байна.
Баримт тогтоох комиссын тайланд эсэргүүцлийг хүчээр дарсан үеийн хүний амь хохирлын тоог бие даан баталгаажуулах боломжгүй байсан гэж тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч хохирогчдын тоо засгийн газрын албан ёсны 3000 гэсэн тооноос “үлэмж өндөр” байсан гэж үзэх хүчтэй үндэслэл бий гэжээ. Засгийн газар амиа алдсан хүмүүсийн дийлэнхийг аюулгүй байдлын хүчний ажилтнууд эсвэл хажуугаар өнгөрч байсан хүмүүс гэж тодорхойлсон байна.
АНУ-д төвтэй Human Rights Activists News Agency (Hrana) 7000 гаруй хүний амь хохирсныг баталгаажуулсан гэж мэдэгдсэн. Тэдний мэдээлснээр амь алдагсад бараг бүгд жагсагчид байсан аж.
Баримт тогтоох комиссын шинжээчид Ираны эрх баригчид эсэргүүцлийг хүчээр дарах ажиллагааны үеэр “хүний эрхийн олон ноцтой зөрчил” үйлдсэн гэж дүгнэсэн. Эдгээр нь “иргэний хүн амын эсрэг өргөн хүрээтэй, системтэй халдлагын нэг хэсэг болгон үйлдсэн хүн амины хэрэг, хорих болон бие махбодын эрх чөлөөг ноцтойгоор хасах, эрүүдэн шүүх болон бусад хүнлэг бус үйлдэл бүхий хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” хэмээн тодорхойлжээ.
Ираны эрх баригчид эмх замбараагүй байдлыг АНУ болон Израил өдөөсөн гэж буруутгаж, хүний амь нас хохирсон явдлыг өөрсдийнх нь тодорхойлсноор “террористууд” болон “үймээн дэгдээгчид”-тэй холбон тайлбарласан байна