Азийн орнуудад өвлийн олимпын наадам шилжсэн 2018, 2022 онд уран гулгалтын шинэ одод дэлхий дахинд нэрээ цуурайтуулсан. Мөсөн дээрх шинэ одод дунд ОХУ-ын уран гулгагчид онцгой байрыг эзэлсэн хэвээр байна. Энэ наадмаас Япон, БНСУ-ын уран гулгагчид гарч ирсэн ч хойд хөршийн охид олимпын алт, мөнгөн медальтай буцаж байв. Тэд “Пёнчан 2018” өвлийн олимпын XXIII наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тодорч гарч ирсэн Алина Загитова, Евгения Медведева юм. Одоогоос долоон жилийн өмнө БНСУ-д болсон олимпын наадамд оролцохдоо дэлхийн хошой аварга цолоо баталж чадалгүй мөнгөн медаль дээр бууж байсан Евгенияа Медведева манай улсад ирсэн нь “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолтын онцлох зочин байв. Үүнээс өмнө анх Камила Валиева ирж Монголын үзэгчдэд уран гулгалтын гайхамшгийг харуулаад буцсан. Гэтэл энэ жил дахин хойд хөршийн уран гулгагчид ирж “Степпе Арена” мөсөн ордонг эзэгнэв. Тэд бол олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева болон олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын аварга Алексей Ягудин, дэлхийн аварга Елизавета Туктамышева, бүжгийн хосын дэлхийн аварга Никита Кацалапов, Виктория Синицина нарын баг байлаа.
“Пёнчан 2018” өвлийн олимпын XXIII наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведевагаас цөөн асуултад хариулт авлаа.
-660x0.jpeg)
-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Та манай улсад ирээд хамгийн түрүүнд мэдэрсэн мэдрэмж юу вэ?
-Монголын ард түмэн биднийг халуун дотно угтаж авсанд маш их баяртай байна. Үнэхээр сэтгэл өндөр Улаанбаатарт ирлээ. Монголын ард түмний элгэмсэг сайхан сэтгэл надад таалагдлаа. Бид энэ шоуг хийхийн өмнө Монголын тухай илүү сайн мэдэж авлаа. Би болон манай багийн гишүүд бүгд баяртай байна.
-Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Бид 16 хүний бүрэлдэхүүнтэй ирж тоглолтоо хийлээ. Энэ удаа багийн бүрэлдэхүүнд цөөн тамирчин оролцлоо.
-Монгол Улсад уран гулгалтыг хөгжүүлэхэд боломж ямар байна гэж харж байна вэ?
-Боломж бол байна. Энэ удаа бид хоёр өдрийн тоглолт хийсэн учраас ачаалал их байлаа. Дараа нь мэдээж залуу тамирчдыг дэмжсэн мастер хөтөлбөрийн тоглолт хийхийг үгүйсгэхгүй.
-“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолтын хөтөлбөрийг хэрхэн гаргасан бэ?
-Тоглолтын бэлтгэл эртнээс хангагдсан. Мөсөн дээрх бэлтгэлийг бид маш сайн хийсэн. Хамгийн чухал нь Монголд байх үеийн бэлтгэл ажил сайн байна. Бид энэ талаар маш удаан ярилцсан. Монголд байх үеийн бүх асуудлыг нарийн төлөвлөж, тохиролцож чадлаа. Тиймээс бэлтгэл ажлыг олон сарын өмнөөс эхлүүлсэн. Монголын үзэгчдэд зориулан шинэ хөтөлбөр гаргасан. Үнэхээр гайхалтай байлаа.

Алина Загитовагаас эхэлсэн дэлхийн мөсний одод Евгения Медведева, Алексей Ягудин нарын алдартнуудаар үргэлжиллээ
“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолтод ОХУ-ын алдарт уран гулгагчдаас гадна Гүрж, Болгар улсын тамирчдыг оролцуулжээ. Мөн Монголын залуу уран гулгагч О.Мишээл шилдэг үзүүлбэрээ үзүүлж ард түмнийхээ өмнө өөрийн ур чадвараа харуулсан юм. “Харбин 2025” Азийн спортын IX наадамд оролцсон түүний хувьд энэ удаа дэлхийн ододтой мөсөн дээр гарсан нь онцгой нэг үйл явдал байлаа. Тоглолтын турш олимп, дэлхийн аварга ододтой шинэлэг тоглолтыг үзүүлсэн О.Мишээл энэ удаа улам их туршлагтай болсон байв. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Тайландад болсон нээлттэй тэмцээнд оролцсон. Монголын ирээдүй болсон түүнийг олон сорилт хүлээж байгаа. Тиймээс Монголд болсон энэ удаагийн шоу тоглолт О.Мишээлийн хувьд нэг том бэлтгэл болсон юм. Тэрээр өөрийн ур чадвараа сайжруулж мөн олимп, дэлхийн аварга тамирчдаас туршлага судаллаа. Мөн “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа нарын үзүүлбэр энэ шоуг чимж үзэгчдийг догдлуулж орхисон. Тэдний дуулсан дуунд дэлхийн хошой аварга Евгения Медведива, хосын төрлийн алдарт гулгагч Никита Кацалапов, Виктория Синицина нар үзүүлбэрээ үзүүлж мөсөн ордонд цугласан үзэгчдийг бишрүүлж байв. Энэ бол уран гулгалтад хайртай Монголын ард түмний онцгой нэг агшин байлаа. Монголын уран бүтээлчийн уран бүтээл дээр дэлхийн одод мөсний гайхамшгийг үзүүлсэн нь уран гулгалтад дуртай бидэнд маш том гоёмсог дурсамжийг үлдээлээ.
Олон улсын стандартад нийцсэн мөсөн өргөөг 2021 онд нээснээс хойш Монголын хүүхэд, залуус уран гулгалтын спортоор хичээллэх боломж бүрдсэн. Энэ хэрээр энэ ордонд олон хөтөлбөр зарлагдаж анхан, дунд шатны сургалтууд явагдаж эхэлсэн. Тэр хэрээр бидэнд нөөц бололцоо гарсныг илтгэнэ. Анх нээхдээ “Тал нутгийн мөсөн шоу”-г үзэгч түмэндээ тавьж байсан бол өнөөдөр энэ нь хүрээгээ тэлж “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” бүрэн хэмжээний тоглолтоор үргэлжиллээ. Тэр дундаа дэлхийн том тайзан дээр тоглож, тив тивийн бэлтгэгдсэн шоунд үзүүлбэрээ үзүүлдэг алдарт Евгения Медведева , Алексей Ягудин нарын багийн залуус энэ удаа “Степпе Арена”-г эзэгнэсэн юм.
“Энэ үдэш онцгой байлаа. Бид энд тоглоно гэдэг та нарын дэмжлэг байсан юм шүү. Монголын үзэгч та бүхэн гайхалтай байлаа. Бид та бүхэнд тоглолтоо үзүүлэх гэж олон сарын өмнөөс бэлдсэн. Монголын ард түмэнтэй уулзсан энэ үдэш үнэхээр гайхалтай байна. Уран гулгалтыг дэмжиж байгаа Монголын үзэгч түмэнд халуун талархал илэрхийлье. Хамгийн сайн хамтрагч Н.Эрдэнэ таньд тусгайлан баярлалаа. ” гэж Евгения Медведева тоглолтын дараа хэлсэн.
Алина Загитовагаас эхэлсэн дэлхийн одод Евгения Медведева, Алексей Ягудин, Елизавета Туктамышева, Виктория Синицина, Никита Кацалапов, Александр Энберт нарын тив, дэлхийн алдарт тамирчдаар үргэлжиллээ. Энэ одод цааш эргэн үргэлжлэх нь дамжиггүй.

Монголчууд уран гулгалтыг дэргэдээс нь үзэж дэлхийд тамирчнаа илгээдэг боллоо
Бидний мөнхийн хөрш хойд улсад уран гулгалт өндөр түвшинд хөгжиж тэр хэрээр монголчууд дэлхийд өрсөлдөх тамирчидтай болохыг хүсдэг байв. Гэтэл бидэнд бэлтгэгдэж яваа залуу үе ар араасаа гараад ирлээ. Америкт төрж өссөн ч ээж, ааваа дагаад эх орондоо ирсэн О.Мишээл энэ тоглолтын онцлох оролцогч байв. Азийн өвлийн спортын IX наадам энэ оны хоёрдугаар сард БНХАУ-ын Харбин хотод болоход монголчууд хамгийн ихээр ач холбогдол өгсөн. Өвлийн олимп болон залуучуудын олимп зэрэг дэлхийн том наадмын дараа тивийн шилдгүүд урд хөшид тодорсон. “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголоос туршлагатай уран гулгагч Г.Марал-Эрдэнэ, залуу тамирчин О.Мишээл нар оролцсон нь бидний хувьд дахин дахин харах завшаан боллоо. Бүр уран гулгалтын тамирчдын үзүүлбэрийг хараад дүгнэлт хийх боломж ч гарав. Тэд гулгаж бид дэргэдээс нь үздэг боллоо. Харбинд очиж уран гулгалт үзэх гэсэн хөгжөөн дэмжигчид олон байв. Олимп, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргасан уран гулгагчид дунд Монголын хоёр тамирчин багтсан нь онцгой нэгэн үйл явдал байлаа. Манай уран гулгагчид Азийн наадамд өрсөлдөх зуур Улаанбаатарт буй мөсөн ордонг зорих залуу үе олширсон. Тэдний хүсэл тэмүүлэлд Г.Марал-Эрдэнийн залгамж О.Мишээл гарч ирсэнд бүр ч олзуурхлаа. Мөн уран гулгалтын залуу тамирчин М.Цэлмэг “All Osaka” уран гулгалтын тэмцээнд долдугаар байр эзэлсэн амжилтыг бичиж дараагийн үе доороос бэлтгэгдэж байгааг нээж чадав. Энэ мэтчилэн бид ч уран гулгалт руу анхаарал хандуулдаг болчихлоо. О.Мишээл нь 2006 онд АНУ-д төрсөн ч 2020 онд гэр бүлийн хамт эх орондоо ирж суурьшсан түүний хувьд бидний дараагийн найдвар боллоо. Түүний уйгагүй хичээл зүтгэл, гэр бүлийн том дэмжлэг, Монголын тэшүүрийн холбооны олон улсын харилцааны үр дүнд Япон улсад бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болж ур чадвараа ахиулжээ. Мөсөн талбайд долоон настайдаа гарч уран гулгалтын спортод зүрх сэтгэлээ өгсөн О.Мишээлийн хүсэл тэмүүүллийг аав, ээж нь зогсоож чадаагүй гэдэг. Үргэлж охиныхоо бэлтгэл сургуулилтад анхаарч байсан эцэг, эх хамгийн боломжит хувилбар болох япон дасгалжуулагчийг сонгож, хоёр орны хооронд бэлтгэл хийх бүх боломжийг хангасаар явна. Мэдээж эх орныхоо мөсөн дээр гулгах нэг өөр, олон улсын стандартын дагуу тэмцээний талбарт өрсөлдөх тэс ондоо. Дээр нь олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шүүдэг шүүгчдийн хараа хяналтанд гулгана гэдэг бүр амаргүй. Гэхдээ О.Мишээл дасгалжуулагч, Япон улсын мэргэжилтэн Тэцукацү Накашимагийн хамт амжилтаа ахиулсаар явна. Энэ удаагийн тоглолтын бэлтгэл ч залуу тамирчдад их том дэм болж, мөн олимп, дэлхийн ододтой хамт тоглолтод оролцох болсон нь бидний найдвар байгааг харууллаа.
Хэрвээ Улаанбаатар хотын зүүн захад дахин нэг мөсөн ордонтой болбол мянга мянган хүүхэд тэнд очиж мөрөөдлийн гулгалтаа хийх юм. Бид Оросын хоккей, уран гулгалтыг үзэж өссөн шиг бидний үр хүүхэд мөсөн дээр гулгаж, мөрөөдлөө биелүүлэхэд хол биш ойр болжээ.
Бидэнд олдох нь ховор мэт байсан олимп, дэлхийн аваргууд эх оронд минь ирээд тоглож байна. Бидэнд хол мэт байсан тив, дэлхийн тэмцээнд Монголын уран гулгагчид гулгаж байна.
