
АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулагдах хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд нэг сарын хугацаа үлдлээ. Нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-д А хэсгийн Мексик Өмнөд Африк болон БНСУ Чехийн багуудын тоглолтоор эхэлнэ. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос нээлт болохоос өмнө “FIFA WORLD CUP TROPHY TOUR”-ыг зохион байгуулж “Алтан цом”-ыг хамгийн ойроос харах боломжийг олгодог. Энэ аялал энэ сард АНУ, Канадын хотуудаар үргэлжилж хөлбөмбөгийн фанатуудад дурсгалын зураг татуулах боломжийг олгож байна. “Алтан цом”-ын аялал нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уур амьсгалыг оруулж, дэлхийн сая сая иргэдэд хөлбөмбөгийн гайхамшигийг мэдрүүлж байдгаараа онцлог. Энэ аялал зургаадугаар сарын 6-д Нью-Йорк хотод өндөрлөх юм байна. “Алтан цом”-ын аялалаас гадна бас нэгэн анхаарал татсан асуудал бол Ираны шигшээ баг юм. Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас Ираны баг АНУ-д очихгүй гэж байгаа ч бэлтгэлээ хийсээр байна. Учир нь G хэсэгт багтсан Ираны багийн хэсгийн тоглолтууд АНУ-д болно.
“Хуваарийн дагуу Ираны шигшээ хаана тоглох ёстой тэндээ
тоглоно” гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино
хэлсэн юм. Иймээс Ираны шигшээ баг талуудтай зөвшилцөлд хүрсэн бололтой. Одоогоор хэсгийн тоглолтын хуваарьт өөрчлөлт ороогүй юм.
48 баг ба 12 хэсэг:
А хэсэгт – Мехсик, Өмнөд Африк, БНСУ, Чех /Нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11/
В хэсэгт – Канад, Босни-Херцеговин, Катар, Швейцар
С хэсэгт – Бразил, Марокко, Хаити, Шотланд
D хэсэгт – АНУ, Парагвай, Австрали, Турк
E хэсэгт – Герман, Кюрасао, Кот д’Ивуар, Эквадор
F хэсэгт – Нидерланд, Япон, Швед, Тунис
G хэсэгт – Белги, Египет, Иран, Шинэ Зеланд
H хэсэгт – Испани, Кабо-Верде, Саудын Араб, Уругвай
I хэсэгт – Франц, Сенегал, Ирак, Норвег
J хэсэгт – Аргентин, Алжир, Австри, Йордан
К хэсэгт – Португал, Бүгд найрамдах Ардчилсан Конго, Узбекистан, Колумб
L хэсэгт – Англи, Хорват, Гана, Панам