
Олон улсын театрын өдрийг энэ долоо хоногт дэлхий даяар тэмдэглэж байна. ”Дэлхийн театрын өдөр"-ийг анх 1961 онд Олон улсын театрын институт санаачлан, 1962 оны 3-р сарын 27-нд албан ёсоор тэмдэглэглэж эхэлсэн байдаг. Энэ долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрт байгаа театр түүний уран бүтээлчид, театрын үнэнч үзэгч, театрт хайртай хүн бүрийн баярын өдрүүд тохиож байна. Дуурийн өлгий Италийн Милан хотын алдарт Ла Скала театрт зочилсон тэмдэглэлээ хүргэе.
Итали улс өвлийн олимпын наадмыг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ хэрээр сая сая жуулчид очдог Милан хотод өвлийн цагаар тив тивийн жуулчид хуран чууллаа. Олимпын наадмаар дамжуулан дэлхийн загварын хот олимпын хот болон хувирсан ч дуурьт дуртай үзэгчдийн хувьд бас нэгэн боломж байлаа. Олимпын наадмын үеэр олны анхааралд байсан Милан хотын Ла Скала театр энэ өвлийн хамгийн үзэгч ихтэй театрын нэг байв.
Олимпын үеэр ч орлого ихтэй театрын нэг Ла Скала
Милан хотын Ла Скала театр бол сонгодог урлагийн хамгийн нэр хүндтэй театрын нэг юм. Олимпын наадмын үеэр аялагчдад театрт зочлох боломжийг олгож байв. Театрын музейн үзвэртэй танилцаж, уран зургийн бүтээлийг үзэх нь нээлттэй байлаа. Зочдод зориулсан сонгодог дуурийн үзвэрийн хэсгийг ч бэлдсэн байсан нь холын аялагчдад сонирхолтой орон зайн нэг байв. Ла Скалад тэр бүр дуурь үзэх боломжгүй аялагчид олимпын наадмын үеэр театрын музейн үзвэрт саатсан. “La Traviata”, “Aida”, “Otello”, “Rigoletto” гээд дэлхийн сонгодог дууриуд тавигдахад хүлээлт ихтэй байдаг нь Ла Скала театр хэрхэн алдартай болох нь ойлгомжтой юм. Олимпын наадмыг зорин очсон үзэгчийн хувьд ч театрын уран бүтээлчдийн бэлтгэл болон музейн ховор үзвэрт хэсэг саатлаа. Ла Скала театрын дэргэдэх театрын ресторан ч зочдоор дүүрэн байлаа. Магадгүй энэ театр энэ хотын амин сүнс болсон католик сүм Дуомо ди Милано хийдийн дэргэд байдгаараа ч илүү олон аялагчдыг татдаг нь анзаарагдлаа.
Н.Наранцэцэг /Милан хотын оршин суугч/
Милан хотод анх 18 жилийн өмнө ирж байсан. Дуурийн өлгий Италид амьдрахад амаргүй. Гэхдээ манай гэр бүл Миланд амьдраад их дассан байна. Энэ хотод дэлхийн алдартай дуурийн дуучид дуулна. Хотын төвийн Ла Скала театрт тоглолт болох бүрд хотын өнгө үзэмж улам л нэмэгддэг. Магадгүй энэ театрт алдартай дуучин дуулна гэхээр жуулчид илүү ихээр ирдэг байх. Энэ нь аргагүй. Үнэхээр дэлхийн алдартай дуучид дуулна. Тиймээс Ла Скалад зорин очиж үзэхээс аргагүй болж байсан. Анх 10-аад жилийн өмнө театрт гэр бүлээрээ дуурь үзэж байлаа. Сонгодог урлагаас хол байсан ч гэлээ сонгодог урлаг хүнийг татаж чаддаг юм билээ. Их олон дуурь үзлээ. Сүүлийн жилүүдэд Ардын жүжигчин Э.Амартүвшинг дуулснаас хойш олон удаа орох боллоо. Дуурийн өлгий нутагт монгол дуучныхаа дуулахыг сонсоод бахархалтай сайхан санагддаг. Манай гэр бүлд Э.Амартүвшингийн Ла Скалад дуулахыг сонсох үе байсан байлгүй дээ гэж билэгшээдэг. Милан хот бол үнэхээр гайхалтай урлагийн хот.
Ла Скала театрыг зорих шалтгаан
1778 оны наймдугаар сарын 3-д Милан хотын Ла Скала /Teatro alla Scala/ байгуулагдсан түүхтэй аж. Анх Санта -Мария -Алла -Скала хэмээх готик сүмийн барилгын туурин дээр барьсан учраас театрыг Ла Скала гэж нэрлэх болжээ. Театрт 2030 үзэгчийн суудалтай. Энэ театр өдгөө дэлхийн дуурь, балетын урлагийн төвийн нэг болсон. Тиймээс жил бүр сая сая жуулчин Милан хотод ирэхдээ заавал Ла Скала театрт саатдаг. Энэ театрт дуулна гэдэг дэлхийн дуурийн дуучдын чансааг шалгасан шалгуур болдог аж. Ла Скалад дуулахыг хүссэн дуурийн дуучид тэнцэнэ гэдэг том даваа аж. Мөн балетын бүжигчдийн ур чадварыг ч өндөр түвшинд шалган авдаг байна. Энэ нь өдгөө Ла Скала театр дэргэдээ дуурь, балетийн нэр хүндтэй академитай болсноор нь харж болно. Миланы сүм хийдийн дэргэд байдгаараа ч Ла Скалад зорих шалтгаан олон бий. Тиймээс дэлхийн зорин очих театрын нэг гэдгийг ур хийц шингэсэн дотоод засал, дэлхийн алдарт дууриуд тавигдаж байгаагаар нь харж болно. Иймээс энэ театрыг зорих шалтгаан их бий. Нэг оройн дуурийг 20 еврогоор ч үзэж болно нилээн ойрын суудлаас ч 2000 еврог төлөөд сонсож болно.
Б.Батжаргал УДБЭТ-ын гоцлол дуучин
Дуурийн эх орон Италийн Ла Скала бол дэлхийн алдартай театрын нэг гэдгийг хүн бүр мэднэ. Дэлхийн шилдэг дуучин энэ театрт очиж дуулахыг мөрөөддөг. Үнэхээр том тайз. Манай дуучдаас Ардын жүжигчин Э.Амартүвшин дуулж байгаа. Одоогоор өөр дуурийн эрэгтэй дуучин дуулаагүй. Харин энэ жил гавьяат жүжигчин Э.Анхбаяр дуулна гэсэн. Ла Скалад дуулна гэдэг маш том шалгуурыг давна. Мэдээж дуурийн дуучин хүн бүрийн мөрөөдлийн нэг бол энэ алдартай театрт дуулах байдаг. Манай дуучид Ла Скалад дуулаад эхэлчихлээ. Харин дуурийн дуучин Ч.Бадрал Италийн бусад театрт дуулдаг. Тэгэхээр манай дуучдын хувьд чансаа өндөр байна гэж харагддаг.
Э.Амартүвшингийн араас Э.Анхбаяр Ла Скалад дуулна
Алдарт Ла Скалагаас эхэлсэн Э.Амартүвшингийн замнал олон олон дуучдын мөрөөдлийн гүүр нь болж буйг монгол хоолойн үнэ цэн дуурийн өлгий Италид үнэлэгдэж буйг бид бүхэн харсаар буй. Энэ нь Ардын жүжигчин, гавьяат жүжигчин Э.Амартүвшинд Италийн Төрийн шагнал Оддын одонг хүртэж дуурийн дуучдын үнэлгээг үнэлж буйн том хөшүүрэг юм. Харин түүний гаргасан жимээр удахгүй дуурийн дуучин, гавьяат жүжигчин Э.Анхбаяр алхахад ойрхон болжээ. Тэрээр 2023 онд Италийн задгай театрт Кармен дуурьт дуулж байсан бол энэ онд алдарт Ла Скала театрын тайзнаа дуулахаар болсон нь монгол эрчүүдийн дуулах ур чадвар ямар түвшинд хүрч буйг илтгэнэ. Загварын Миланд зав гаргаад очсон бол заавал нэг Ла Скала театраар ороод гараарай.






