
"Гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүний тоо 2015 оны газар хөдлөлтийн үеийн аймшигт үзүүлэлттэй дүйж болзошгүй" гэж Балбын Сангийн сайд Сварним Вагле мэдэгдэв. “Үерийн гамшиг газар зүйн хувьд хязгаарлагдмал бүсэд болсон боловч хүний амь насны хохирол 2015 оны газар хөдлөлтийнхтэй адил асар их байна” гэж хэлсэн талаар Indian Express мэдээлжээ.
"2015 онд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Балба, Хятад, Энэтхэг болон Бангладешийн нутаг дэвсгэрт ойролцоогоор 9000 хүн амиа алдаж, 21 000 хүн гэмтэж бэртсэн юм. Харин энэ удаагийн гэнэтийн үерийн улмаас амиа алдсан хүний тоо ням гарагийн байдлаар 1450-д хүрч, 6000 хүн сураггүй хэвээр байгаа" гэж Балбын цагдаагийн байгууллагыг иш татан Энэтхэгийн PTI мэдээллийн агентлаг мэдээлэв.
Балбын эрх баригчид үерийн дараа олдсон цогцсуудын ердөө долоон орчим хувийг нь л таньж тогтоогоод байгаа аж.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах үндэсний газраас мэдээлснээр сураггүй болсон хүмүүсийн ар гэрийн 1889 хүний дээжийн хамт олдсон 1206 цогцосноос ДНХ-ийн дээж авчээ. Гэсэн хэдий ч одоогоор ердөө 105 цогцсыг таньж тогтоон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөд байна.
Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд дулааны мэдрэгчтэй дрон болон нисдэг тэрэг ашиглаж, мөн усан цахилгаан станцын төслүүдийн хонгилд гацсан ажилчдыг аврахад туслахаар мэргэжилтнүүдийг дайчилжээ. Балбын хэмжээнд усан цахилгаан станцын төслүүдийн хонгилуудаас сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааны үеэр хэд хэдэн онцгой аврах ажиллагаа амжилттай болжээ.
Агаарын орон зай хязгаарлагдмал, газар зүйн хувьд уул нуруу ихтэй, хүндрэлтэй нөхцөлтэй, мөн үерийн усаар их хэмжээний нуранги, хурдас хуримтлагдсан нь сураггүй болсон хүмүүсийг тогтооход тулгарч буй гол бэрхшээлүүд аж.