
2017 онд Ши Жиньпин болон түүний гэргий Америкийн тэргүүн хосыг айлчлахад Хориотой хотод хувийн ховор аялал зохион байгуулж байв.
Шинжээчид олон талаар илүү итгэлтэй байр суурьтайгаар хэлэлцээнд орж буй Ши Жиньпин сүр жавхлан, ёслолыг эрхэмлэдэг Трампад дахин онцгой хүндэтгэл үзүүлэх эсэхийг ажиглаж байна.
Хориотой хотоос ойролцоогоор 7 км-ийн өмнө байрлах Тэнгэрийн сүм нь 1420 онд Мин улсын эзэн хааны үед баригдсан.
Эртний нарс, хуш модоор хүрээлэгдсэн цэцэрлэгт нь жуулчид очих дуртайгаас гадна Бээжингийн иргэд тайчи дасгал хийх, шатар тоглох, бүжиглэх зэргээр олон холхисон газар. Харин хаант улсын үед эзэн хаан жилд нэг удаа Хориотой хотоос Тэнгэрийн сүм хүртэл олон мянган дагуултай, заан хөлөглөсөн сүйх тэргээр ёслолын жагсаал хийн тэнгэрт мөргөдөг байжээ. Энэ нь түүний захирах эрхийг баталгаажуулдаг зан үйл байв.
Тус дурсгалт газар 1998 онд UNESCO-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн.
Энэхүү байгууламжийн зураг төсөл нь “тэнгэр дугуй, газар дөрвөлжин” гэх эртний Хятадын бэлгэдлийг илэрхийлдэг. Гол байгууламжуудын нэг болох “Арвин ургацын төлөөх залбирлын танхим” нь хөх вааран дээвэртэй, дугуй хэлбэрийн хийц болон гурван давхар сөхөө дээврээрээ алдартай.
UNESCO-гийн мэдээлснээр энэ нь зөвхөн Хятад дахь хамгийн бүрэн бүтэн эзэн хааны тахилгын байгууламжийн цогцолбор төдийгүй, тэнгэрт тахил өргөх зориулалттай дэлхийн хамгийн том барилгын цогцолбор аж.
Трампын айлчлалын бэлтгэлийг хангахын тулд сүмийг гурван өдрийн хугацаанд жуулчдад хаасан байна.
Тэнгэрийн сүмийн хамгийн алдартай барилга болох “Арвин ургацын төлөөх залбирлын танхим” нь 1800-аад оны сүүл үед АНУ-аас импортолсон өндөр чанартай улаан модоор дахин баригдсан түүхтэй.
Аяллын дараа Трамп Ши Жиньпинээс шар буурцаг, үр тариа болон махны худалдан авалтыг нэмэгдүүлэх илүү том амлалт авахаар зорьж байна.
Хятад нь АНУ-ын тариаланчдын хамгийн том зах зээл бөгөөд 2024 онд Трамп албан тушаалд орохоос өмнө 24 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдан авч байжээ. Харин Бээжин энэ худалдааны ихэнх хэсгийг царцааж, АНУ-ын нийлүүлэлтээс хамаарал багасган, үүнийг Трампын тарифын бодлогын эсрэг хүчтэй хөшүүрэг болгон ашиглаж байна.
Шар буурцаг үйлдвэрлэгч тариаланчид Хятад улс өнгөрсөн хугацаанд жил бүр 25 сая тонн шар буурцаг 2028 он хүртэл худалдан авна гэсэн амлалтаа хэр биелүүлж байгааг анхааралтай ажиглаж буй. Илүү их худалдан авалт нь Трампын сонгогчдын нэг гол бүлэг болох хүнд байдалд орсон тариаланчдыг тайвшруулж магадгүй бөгөөд энэ нь арваннэгдүгээр сарын дунд хугацааны сонгуулийн өмнөх улс төрийн чухал асуудал юм.
Ши Жиньпиний хувьд энэхүү газар нь зөвхөн эзэн хааны сүр жавхлан биш илүү өргөн утгатай.
“Энэ бол дэлхийд болон Дональд Трампт Хятад энд байсан, олон мянган жилийн турш оршиж ирсэн гэдгийг харуулах маш сайн тайз” гэж тайлбарлах шинжээчид ч байна.